Цэс Close

Мали эмэгтэй есөн хүүхэд зэрэг төрүүлж, Улсын Ерөнхийлөгч нь хувийн эмнэлэгт хэвтүүлжээ

25 настай мали эмэгтэй Халима Сиссе нэгэн зэрэг есөн хүүхэд төрүүлж, гэнэтийн гайхамшигтай бэлэг барьжээ. Эмч нар түүнийг долоон хүүхэд тээж яваа хэмээн таамаглаж байтал есөн хүүхэд төрүүлсэн байна.

Олон хүүхэд тээж яваа эмэгтэйг маш их анхаарал халамж дор төрүүлэх ёстой гэж үзсэндээ Мали улсын Ерөнхийлөгч Ба Ндау Марокко улсын Касабланка хотын нэгэн хувийн эмнэлэгт хэвтүүлж тусалжээ.

30 долоо хоногтой жирэмсэн байхдаа буюу хугацаанаасаа урьтаж төрсөн эмэгтэй цус их алдсан учир тэр дор нь цус сэлбэсэн байна. Мөн олон хүүхэд зэрэг төрүүлэх боломжгүй гэж үзэн эмч нар кесарев хагалгаа хийжээ.

“Би үнэхээр их баяртай байна. Эхнэр, хүүхдүүдийн минь бие сайн байгаа” гэж нэгэн зэрэг есөн хүүхдийн аав болсон эр өгүүлсэн байна.

Мөн Малигийн Эрүүл мэндийн сайд Фанта Сибигийн мэдэгдснээр “Эх, үрсийн бие сайн байгаа” гэнэ. Эмнэлгийн захирал Айн Боржа “Маш ховор тохиолддог төрөлт манай эмнэлэгт болсон нь олзуурхууштай. 10 эмч, 25 сувилагч төрөхөд нь тусаллаа” хэмээн мэдэгджээ.

Есөн хүүхдийн тав нь охин, дөрөв нь хүү гэнэ. 500 граммаас 1 кг жинтэй төрсөн хүүхдүүдийг 2-3 сарын хугацаанд инкубаторт байлгах юм байна.

Дэлхийн түүхэнд хамгийн олон хүүхэд зэрэг төрүүлсэн хүн бол энэтхэг эмэгтэй Мариа Фернандес юм. Мариа Фернандес 42 настайдаа 11 хүүхдээ 37 минутын дотор “өөрөөрөө” төрүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах