УИХ: НДШ-ийг хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
2017 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь буюу тус бүр долоон хувь байсныг 19 хувь буюу тус бүр 8.5 хувьд хүргэсэн. Ингэхдээ 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар гэхчлэн үе шаттай нэмэгдүүлэх болсон юм. Ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсан ч цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх нэмээгүй байсан. Бид одоо 17 хувийг нийгмийн даатгалыг төлж байгаа билээ.
Харин Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийн төслийг дэмжинэ. Татвар, шимтгэл нэмээд үр ашиг гарахгүй байна. Нийгмийн даатгалын хөрөнгө ийм үед татвараа нэмэх нь тэнэглэл болно. Бодитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Сүүлийн 4 жилийн дотор НДШ 5 хувиар нэмэгдсэн. Иргэдийн орлого 5 хувиар буурсан. Нөгөөтээгүүр зэсийн үнэ түүхэнд байгаагүй өндөр болчихлоо. Ийм үед хэдэн ядарсан ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхээ болих хэрэгтэй.
Төсөвт ямар нэгэн дарамт үүсэх үү? гэж хууль санаачлагчдаас асууя.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийн төсөл. 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэл хувийн ААН-үүдийг НДШ-ээс чөлөөлж, 10-р сараас 5 хувиар бууруулсан. Төсөвт 7-р сарын 1-нээс хөнгөлбөл 94 тэрбумын нэмэгдэл, 1-р сарын 1-нээс гэвэл 140 тэрбумын нэмэгдэл үүснэ. Тэтгэврийн даатгал алдагдалтай ажилладаг. Тэтгэмж, ажилгүйдлийн сан хэмнэлттэй ажилладаг.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Иргэдийн дунд тэтгэврийн хэмжээ бага байгаа учраас НДШ төлөхөөс дургүйцдэг. Тэтгэврийн нас дөхөөд ирэхээр НДШ өндрөөр төлж тэтгэвэр өндрөөр тогтоолгох явдал ажиглагддаг. Тэгэхээр энэ гажуудлыг хэрхэн арилгах вэ? Ямар шинэчлэлт хийх вэ?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Манай улсын тэтгэврийн тогтолцоо харьцангуй шинэ. Хууль батлагдсанаас хойш 22 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой энэ гажуудал үүсэж байна. Аливаа бодлого тогтвортой байх ёстой гэдэгт би анхаарч ажиллана. 1995 онд тэтгэврийн шимтгэл 19 хувь байсан бол 2008 онд бууруулаад 14 хувь болгосон. 22 удаагийн өөрчлөлтүүд олголт тал дээр хөнгөлөлтүүдийг бий болгосон. Өнөөдөр тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийн 54 хувь нь дөнгөж ердийн горимоор гарч байгаа. Үлдсэн хувь нь дандаа хөнгөлөлттэй нөхцөлд гарч байгаа нь сангийн алдагдлыг бий болгож байна. Нөгөө талдаа 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхэд тухайн үед Монгол Улс дефолтод орохгүйн тулд санхүүгийн гажуудлыаа засах ёстой гэсэн зөвлөмжүүд өгснөөр эргээд НД-ын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр нь 2021 оноос 19 хувьд хүрч байгаа нь 2095 оны хувьд хүргээд байгаа юм. Нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн 2 хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Яагаад долоодугаар сарын 1-нээс эхлүүлэхээр яригдаж байгаа вэ? 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулсан байгаа. Хойшлуулна гэдэг нь хэзээ нэгэн цагт төлж л таараа. Нэгмөсөн 2021 нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр төсөлдөө тусгаж болоогүй юм уу? Хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлбэл ард иргэддээ бодитой дэмжлэг болох юм биш үү?
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 2021 оны нэгдүгээр сараас долоодугаар сар хүртэлх хугацаанд иргэд, сайн дурын даатгуулагч нар 8,5 хувиа төлөөд явж байгаа. Тийм учраас бид хуулийн төсөлдөө долоодугаар сарын 1-нээс хойш тэтгэврийн даатгалыг ажил олгогч, ажилтан 8,5 хувиар үргэлжлүүлээд хуульчлаад явъя гэж ярьсан. Олон гишүүд санал гаргавал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх бололцоо бий.
Сэтгэгдэл үлдээх