Иргэдийг тусгаарлаж байсан “Энхсаран” сувилал халдвар тараах нөхцөл болж буй бодит байдлыг мэдээлсэн иргэн Д.Мөнхбат цагдаагийн байгууллагын хаалга татаж, багагүй хугацаа барсны эцэст өчигдөр хэрэг нь шийдэгдэв. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэв.
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/ өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
