Цэс Close

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа хоёр их гүрэн болох АНУ болон ОХУ-ын харилцааг тогтвортой болгохыг зорилготой төрийн тэргүүнүүдийн уулзалт боллоо.

Тодруулбал, Өчигдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр Швейцарийн Женев хотноо Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нарын анхны дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ нь тэдний Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байх үеийн анхны, харин биечлэн хийсэн хоёр дахь уулзалт болж байгаа юм. Өмнө нь Путин Ерөнхий сайд, Байден дэд Ерөнхийлөгч байх үед тэд 2011 онд уулзаж байсан удаатай. 

Уулзалтын эхэн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцож тэдний уулзалт ойролцоогоор хоёр цаг үргэлжилжээ. Тэд үүний дараа завсарлага авсан бөгөөд хэлэлцээрийн хоёр дахь үе 16:00 минутад эхэлж 17:05 минутад дууссан бөгөөд хоёр дахь үед АНУ-д Москвагаас суудаг элчин сайд Анатолий Антонов оролцсон байна.

Уулзалтын үеэр ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд элчин сайдаа буцааж илгээхээр тохиролцсон нь сайшаалтай ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэд хэдэн асуудалд ач холбогдол өгөлгүй өнгөрөөсөн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тухайлбал, Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн үйл ажиллагаагаа ихэсгэн, үл мэдэгдэх Орос хакерууд АНУ-ын томоохон байгууллагуудад цахимаар халдаж, Навальныйг баривчилж хорьсон явдлууд багтаж байгаа юм. В.Путин хэлэхдээ Навальный хууль дүрмийг үл тоосон бөгөөд ОХУ-д буцаж ирвэл юу болно гэдгийг сайн мэдэж байсан гэжээ. Харин Украин улсын тал дээр Киев гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж хэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын амин чухал ашиг сонирхол, түүний дотор кибер аюулгүй байдлын талаар Путин цахим аюулгүй байдлын асуудал дээр Вашингтон, Москва хоёр зөвлөлдөж болно. Гэхдээ ОХУ-д болж байгаа цахим халдлагын ихэнх нь АНУ-аас гаралтай хэмээжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Путинд "Кибер халдлага хийхийг хатуу хориглох, стратегийн 16 чиглэлийн жагсаалтыг үзүүлээд Орос улс АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулбал хариу арга хэмжээг хатуухан авах болно" хэмээн анхааруулсан байна.

Талууд Женевт хийсэн дөрвөн цагийн уулзалтаа сайшааж байгаа боловч 2018 оны Путин, Трамп нарын уулзалттай харьцуулбал тодорхой ахиц дэвшил гараагүй байна. Харин ажиглагчдын хувьд тэдний уулзалыг "Санасныг бодвол эерэг, дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн ч тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо" хэмээн дүгнэжээ.

Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бусад улсын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа байнга хоцордог ч энэ удаад цагийг гайхалтай сайн барьсан хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  мэдээлж байна.

Түүний цаг барьдаггүй занг мэддэг Америкчууд өчигдөр Женевт болсон уулзалтын протоколд ОХУ-ын Ерөнхийлөгчийг түрүүлж ирүүлэхээр тусгажээ. Улмаар өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Женевийн нисэх буудлаас уулзалт болох газарт орон нутгийн цагаар 13:05 цагт ирсан байна.

Харин түүний дараа 13:17 цагт АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены цуваа Вилла Ла Гранж харшийн үүдэнд ирсэн бөгөөд тэднийг Швейцарийн Ерөнхийлөгч Гай Пармелин угтаж мэндчилсэн байна.

эх сурвалж: BBC, Theguardians, Reuters, Tass

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах