Цэс Close

20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийг ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ-оор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт- “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” гэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн туганд “Монгол Улсын Баатар” одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олон, уурхайчдад хандан хэлсэн үгэндээ “Манай улсын хувьд өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яахын аргагүй Эрдэнэт үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон боссон юм. Монгол оронд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, мөн оны 11 дүгээр сард Монгол-Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай гэрээг баталгаажуулсан бөгөөд энэ жилд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой давхцаж байгаа юм. 
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол-Оросын ард түмний ах дүүгийн ганбат найрамдлын бэлгэ тэмдэг болон сүндэрлэн боссон түүхтэй. Байгалийн баялагтаа жинхэнэ эзэн байх зарчмыг цар тахлын энэхүү хүнд хэцүү цаг үед бодит ажил болгон харуулж, айл өрх аж ахуйн нэгжүүдээ  дэмжиж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон та бүхэнд Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс болон Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд нь улс орныхоо нийгэм эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгаа уурхайчин хамт олон та бүхний хөдөлмөр зүтгэлийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж байна. Энэ бол Эрдэнэтийн-Овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлээд энэ үйлдвэртэй ажил амьдрал, хөдөлмөр бүтээлээ холбосон үе үеийн инженер техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхнийг, бүгдийг тань “Улсын баатар” цолоор шагнаж буйтай утга нэг юм. Улсын баатар үйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид та бүхэндээ Монгол Улсын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, баяр хүргэе” хэмээн онцолж, амжилтын дээдийг ерөөв.

Ийнхүү Монгол оронд Ардын хувьсгал ялсны 100 жилийн түүхэнд “Улсын баатар” цол хүртсэн анхны үйлдвэр нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах