Цэс Close

Олимпын анхны трансжендер тамирчин бүх оролдлогоо алдав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Та нар тэр хүндийн өргөгчийг хар л даа. Тэр чинь эрэгтэй хүн. Хэрвээ Леброн Жэймс хүйсээ солиулчихаад эмэгтэйчүүдийн багт тоглоод байвал яах вэ?” гэж мэдэгдсэн нь нэг талдаа Жо Байдентай, нөгөө талдаа Шинэ Зеландын тамирчин Лорел Хаббардтай хамаатай үгс байлаа.

Улс төрийн өнцгийг нь буюу Жо Байденд хандсан утгыг нь орхиод харин зөвхөн Лорел Хаббардын талаархи сэдвийг нь үргэлжлүүлье.

Лорел Хаббард 10 жилийн өмнө Гэвин Хаббард хэмээх нэртэй эрэгтэй хүн байлаа. Мөн хүндийн өргөлтийн тамирчны хувиар өсвөр насандаа тун ирээдүйтэй гэгдэж, хожмоо далайн орнууд болон Австралийн нээлттэй АШТ-д 90 кг-ын жинд түрүүлсэн юм. Харин 2001 онд тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа зарлаад дараа жил нь үс сахлаа авахуулж, хүйсээ солиулж, эмэгтэй хүн болоод Лорел хэмээх нэр авчээ. Үүнийхээ дараагаар тамирчны замналаа сэргээж, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож эхэлсэн байна.

Олимпын эрхийг тэрбээр ДАШТ-д мөнгөн медаль хүртэж авсан. Олон Улсын Олимпын Хороо ч олимпод оролцох эрх өгөхдөө огт цааргалсангүй. Ингээд Токиод +87 кг-ын жинд өрсөлдөхөөр очлоо. Гэвч эхлээд 120 кг-ыг захиалсан ч даасангүй. Дараа нь 125 кг-ыг хоёр дахин өргөх гээд мөн л болоогүй тул тэмцээнээс хасагдсан. Ингээд тэрбээр жингийнхээ бүх тамирчдаас ганцаархнаа эхний гурван оролдлогоо бүгдийг алдаж, нутаг буцах тийзээ хамгийн хурдан дарууллаа.

“Намайг тойрсон энэ шуугиан, маргааныг ойлгохгүй юм. Спорт бол бүх нийтийн үйлс гэсэн Олимпизмын уриаг хэрэгжүүлж, намайг олимпын наадамд оролцуулсан ОУОХ-нд баярлалаа. Гэвч миний талаар дэндүү их яриа гарсан тул Олимпын наадамд оролцож буйгаа ч бүрэн мэдэрч чадалгүй цахилгаанд цохиулсан хүн шиг л байсаар энэ өдрүүд өнгөрлөө. Магадгүй энэ бүх шуугианд би “шатчихлаа” хэмээн Лорел Хаббард өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах