Цэс Close

Төлөвлөгөөт эдийн засгаасаа холдоогүй Монгол улс

Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жилийг ардаа орхижээ. Үүнээс бага хугацаанд зарим нэгэн улс “загасчдын тосгон” гэгдэх хочоо “орчин цагийн шинэ технологийн тэргүүлэгч гүрэн” гэх эрхэм гуншингаар сольж чаджээ. Харин Монголын нийгэмд “социализмд бид бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг байсан шүү” гэх хуучнаа санагалзсан харуусал өнөөг хүртэл амь бөхтэй оршин тогтнож байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр хамаг үйлдвэрээ нурааж, олон мянган ажилчдыг гудамжинд гаргаж ядууруулсан тухай эрх баригчдын “тархи угаалт”-ыг одоо ч аль нэгэн хэвлэл мэдээллийн хуудас, эсвэл телевизийн дэлгэцээс харж болно.

Монгол Улс социалист орон гэгдэж эдийн засгийн төвлөрсөн төлөвлөлттэй байх үед төр бүх бараа бүтээгдэхүүн, нөөцийг төрөөс хуваарилдаг байв. Энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ, тариф тогтмол, иргэдийн цалин, орлого бага ч ижилхэн жигд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хүртээмж хангалтгүй, олдоц ховор байсан юм. Гэвч олон үйлдвэр байсан нь үнэн. Олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь ч үнэн. Тэдгээр үйлдвэрүүдэд ажиллаж байсан олон мянган ажилчдын цалин ердөө 20 ам.доллароос хэтрэхгүй. Үйлдвэрүүдийн дийлэнх нь алдагдалтай ажиллаж байлаа. Тэрхүү ихээхэн хэмжээний алдагдлыг ЗХУ-аас зээл авч хаадаг байсан юм. ЗХУ задарч, социалист лагерийн улсуудаа бүү хэл өөрөө асар хүнд байдалд орсон нь 1990-ээд оны үе.

Энэ үеэс Монгол төдийгүй Зүүн Европын социалист чиг баримжаатай  улс орнуудад олон мянган үйлдвэрүүд ээлж дараалан хаалгаа барьж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг цаашид оршин тогтнох боломжгүй болохыг харахын тулд хэсэг бүлэг улс бүхэл бүтэн 70 жил “буруу замаар, будаа тээжээ”. Үнэндээ бол “хорь хүрэхгүй ам.долларын цалингаар гэр бүлээ тэжээх боломж байхгүй” гэдэг энгийн гаргалгаа ялсан хэрэг л дээ. Ийм бодит үнэнийг Монголын нийгэмд хэн нь ч ярьсангүй. Харин “ардчилал, чөлөөт зах зээл” хэмээх харааж зүхэж болох “сайхан бай” олж авчээ. Өдгөө 30 дахь жилдээ чөлөөт зах зээлийн хамгийн тансаг хэрэглээтэй баян тарган эрх баригчид дээрх “бай”-г хамгийн чадварлаг “шүршиж”, нийгмээ турхирч сууна.

     Тэртээ 1990 оны цагаан морин жил монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чөлөөт зах зээлийг сонгосон юм. Дэлхий нийтийн хөгжиж буй жишиг, замнаж буй зам мөр бол ердөө чөлөөт зах зээл юм. Бидний олонх ингэж ярьж байгаа боловч бодит амьдрал дээр өмнөх нийгмийн гаж тогтолцоо хэвээр байгаа юм.

Монгол улсын төрийн албанд 205011 албан хаагч, төрийн өмчит компаниудад 66316 хүн ажиллаж байна. Энэ нь Монголын төрд нийтдээ 271327 хүн ажиллаж байна гэсэн үг.  Манай улсад нийтдээ хөдөлмөр эрхэлж буй нийгмийн даатгалд хамрагдсан, албан журмын даатгуулагчдын тоо 825 мянга орчимд эргэлддэг. Тэдний гуравны нэгээс илүү нь төрд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид ийм олон иргэдийн амьдралыг нуруундаа үүрч явна.

     Зах зээлд шилжсэн цагаас хойш албан байгууллага гэдэг хуучин нэршлээ компани гэдэг чамин үгээр солих төдий өөрчлөлт хийсэн байх юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, татвар, бүртгэл, хууль хяналтын гээд төрийн үйлчилгээний … тоолбол өмнөх нийгмээсээ илүү олон байгууллага төрийн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчит 6082 хуулийн этгээд байгаагаас энэ бүхнийг анзаарч болно. Тэдгээрийн төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, санхүүгийн байдалд хяналт тавих үүргийг төрийн нэрийн өмнөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцдаг. Ийм л данхар бүтцийг Монголын төр чирч явна.

Одоо төрийн өмчит компаниудын талаар сонирхож үзье.

Өдгөө Монголын төр олон компани ажиллуулж, хувийн хэвшлийнхээ орон зайг булааж тэдэнтэй өрсөлдөж байна. Нийт 339 компани бүртгэлтэй байдгийн 232 нь орон нутгийн өмчит, 107 нь төрийн өмчит компани гэх ерөнхий тоо бий. Төрийн өмчит компаниудын харьяалал харилцан адилгүй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг 83 хуулийн этгээдээс эрчим хүчний салбарын 21, авто зам засвар арчлалтын 21, бусад чиглэлийн 2 төрийн өмчит компани байгаа ба төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 8, төрийн өмчийн оролцоотой компани 5, төрийн өмчит үйлдвэрийн газар 26 байна.

Энэ олон компаниуд өмнөх нийгэмд ажиллаж байсан үйлдвэрийн газруудтай ганц зүйлээр их төстэй. Энэ нь алдагдалтай ажиллах явдал юм. 2020 онд “Эрдэнэт” үйлдвэр 1.5 их наяд, “Эрдэнэс Тавантолгой” 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг эс тооцвол бусад нь алдагдал “үйлдвэрлэжээ”. Төрийн өмчит компаниудын өр нь 37 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монгол улсын бүтэн жилийн ДНБ тэнцэж байна. Үүнээс гадна Төрийн өмчит компаниудад 30 их наядын өгөөжгүй хөрөнгө байгаа юм. Жилийн 2,4 их наяд төгрөгийн цалингийн сантай төрийн өмчит компаниудад ажиллаж буй 66 мянган хүн энэхүү асар их хэмжээний “өр үйлдвэрлэх” ажлыг хийж байдаг аж. Өмнөх нийгэмд байгууллагын алдагдлыг ЗХУ-аас өр зээл тавиад нөхөж байдаг байсан бол өнөө үед дэлхийн бусад улсаас зээл авч өрөө нэмээд сууж байна. Зээл авдаг улс орных нь нэр өөрчлөгдсөнөөс өөр гавьтай өөрчлөлтийг эндээс олж харахгүй. Өдгөө Монгол улсын нийт өр 32 тэрбум ам.долларыг давж, ДНБ-хээ 3 нугалах хэмжээ рүү дөхөж байна. Энэ нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.

Монголбанк нь дэлхийн улс орнуудын төв банкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг ОУВС-гаас эмхтгэн гаргасан Гадаад секторын статистикийг боловсруулах аргачлал, Мэдээлэл тархаах ерөнхий системийн шаардлагын дагуу 2010 оноос эхлэн боловсруулж, олон нийтэд мэдээлж байна. Энэ статистик дүнг харвал компани, аж ахуй нэгжийн өр 8 тэрбум ам.долларыг давжээ. Хөгжлийн банкны өр зээлийг нэмбэл энэ дүн 10 тэрбум ам.долларт удахгүй дөхөж очих нь. Тэртээ 30 гаруй жилийн өмнө социалист лагерь нурж унасны дараа манай улсын ЗХУ-д төлөх өр 10 тэрбум шилжих рубль буюу 10 орчим тэрбум ам.доллар байсан. Ийнхүү төрийн өмчит компаниуд зээлдэгчээ сольсон болохоос өөр ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй.

Манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан бүтэцтэй. Тэр дундаа экспортоос олж буй 100 ам.доллар тутмын 80 ам.долларыг зэс, нүүрс гэсэн уул уурхайн хоёр бүтээгдэхүүнээс олдог. Өөрөөр хэлбэл зэс, нүүрс бол манай улсын эдийн засгийн хоёр тулгуур багана юм. Тэгвэл төрд уул уурхайн томоохон компаниуд бий. Тэр тусмаа зэсийн баяжмал олборлодог Эрдэнэт улсын үйлдвэрийн газар, Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК гэсэн хоёр том компани байна. Байгалийн баялаг ихтэй улсуудын хувьд төр засаг олборлолтыг хэрхэн удирдан зохицуулж, хэдий хэмжээний орлого олох нь ТӨК-уудын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул тэдний нийгэм, эдийн засагт бүхэлд нь үзүүлэх нөлөө их байдаг. Гэвч тэнд “тендер” нэрийн дор асар их хэмжээний хулгай нүүрлэж байдгийг энд дурдах илүүц биз. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хангалттай жишээ дурдагддаг ч энэ нь хэвийн үзэгдэл гэдэгтэй хууль хүчний байгууллага нь төдийгүй, нийгэм нь ч эвлэрчээ.

 Уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ихэвчлэн гаргадаг. Тэгвэл төмөр зам ч улсын мэдлийнх. Та хувийн орд газартай байж болох ч тээвэрлэлт хийх бол зайлшгүй төрийг царайчилж таарна. Ер нь төрд байхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Төрийн банк, Хөгжлийн банк ч төрийнх. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийгээд зогсохгүй тэднээс юм юмаараа давуу эрхтэй, давуу боломжтой. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд нь ашигтай ажиллаж, хувьсгалын данстай нь алдагдал, өр үйлдвэрлэдэг жишиг тогтжээ.

Ашиггүй энэ олон төрийн өмчит компанийг яагаад татан буулгадаггүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Шалтгаан нь маш тодорхой. Сонгуульд гүйдэг намын нөхдүүдээ цалин, орлоготой байлгах, бараа материал, тендерийн “шахаа” хийж халаасаа зузаалах… зэрэг олон сайхан боломж төрийн өмчит компаниудын ард нуугдаж байдаг юм. Нийтийн буюу “ард түмний өмч” гэх ганган малгай духдуулчихаад араар нь хүссэнээ хийж байх нь эрх баригч хүчний ашиг сонирхолд яв цав нийлнэ.  Компани нь алдагдалтай ажиллаад байхад захирал нь люкс ангиллын өндөр үнэтэй машин хөлөглөх, эхнэр, хүүхдээ албаны машинаар ажил, цэцэрлэг, сургуульд нь зөөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч даалгах…зэрэг маш олон баримт өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон. Ихэнх компанийн захирал орон байрны дэмжлэг ч хүртдэг бололтой юм. Энэ бүгдийг тэд “Төрийн өмчит компанийн захирлын эдлэх ёстой эрх, байгуулсан гэрээний хүрээнд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн” гэж тайлбарладаг.

Төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлого оруулж, татвар төлдөг нь тун цөөхөн ч ашиггүй ажиллагаа, өр, зээлтэй нь илүү олон. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийтдээ ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч төсөвт тушаах орлого 2020 онд 150 тэрбум төгрөг, 2021 онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Үүнээс харвал төрийн өмчит компаниуд 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажиллаж байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, ДНБ-ний 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засгийг УИХ-ын хараа хяналтаас гадуур эргэлдэж байна.

Энэ бүгдээс харвал Монгол улс хэдийгээр чөлөөт зах зээлд шилжсэн орон гэж нэрлэх мөртөө төлөвлөгөөт эдийн засгийн олон хэлбэрийг өөрчлөлгүй өнөөг хүртэл тээж явна. Энэ нь улс орны хөгжлийг чангаагч гол хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн юм. Улс орны хөгжил нэг газраа хий эргэж, иргэдийн амьдрал ядуу тарчиг байгаа учир шалтгааныг ардчилал, чөлөөт зах зээлээс хайх биш харин өнгөрсөн нийгмийн гаж тогтолцоо өнөө хүртэл үргэлжилж байгаатай холбон үзэж болохоор баримт тоог дурдвал ийм байна.

2021 оны 8 сарын 31.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах