Цэс Close

Санхүүгийн салбар эрсдэл ихтэй байна

Манай улсын санхүүгийн нийт зах зээлийн 90 орчим хувь банкны салбарт оногддог. Тиймээс Монголын санхүүгийн зах зээлийг шинжихийн тулд  банкны салбарын нөхцөл байдалтай танилцах ёстой юм. 2017-2019 онуудад манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор өсөлттэй байв. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй 2020 оны эхний хагаст гадаад худалдаа буурч, урсгал дансны алдагдал тэлж, хасах 679 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай  гарч байжээ. Харин 2020 оны сүүлийн хагасаас дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй таатай өөрчлөлтүүд манай улсын хувьд ч эерэг үр дүн авчрав.

Манай улсын нийт экспортын орлогын бараг 70 орчим хувийг бүрдүүлдэг зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн юм. Энэхүү сэргэлт манай улс руу орох валютын урсгалыг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлснээр энэ оны хагаст нийт төлбөрийн тэнцэл -54 сая ам.долларт хүрсэн байна.

Ковид-19 цар тахал, эдийн засгийн олон салбарт багагүй сөрөг нөлөө үзүүлсэн төдийгүй банкны салбарыг ч тойрч гараагүй байж таарна. Өнгөрсөн жил уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, тээврийн салбаруудын хувьд хүнд жил байсан. Олонх аж ахуйн нэгжүүд орлого буурсантай холбоотой, зардлаа танах, үйлдвэрлэлээ бууруулах, үйл ажиллагаагаа түр эсхүл бүрэн зогсоох шийдвэрт хүрсэн. Харин айл өрхүүдэд цалин хөлсний орлого буурах, өрийн дарамт нэмэгдэж, санхүүгийн байдал нь хүндэрлээ. 2020 онд үйл ажиллагаа нь түр болон бүрэн зогссон аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх оноос 13 мянгаар нэмэгджээ.

Тодруулбал, 2019 онд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 48 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоож байсан бол 2020 онд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 47 хувь нь үйл ажиллагаа эрхэлж, 52 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоосон байна. Сангийн сайд, 2020 онд 68 мянган ажлын байр алдсан гэж мэдэгдсэн бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хийсэн судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон төдийгүй нийт 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй талаар мэдээлжээ. Энэ бүхэн өнгөрсөн жилийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг илтгэх бодит жишээнүүд юм.

Өнгөрсөн жилээс манай улсын Засгийн газар цар тахлаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түүхэнд байгаагүй томоохон мөнгөн дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны 3 сарын  27-ны өдөр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, харин 2021 оны 2 сарын 17-ны өдөр 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Эхний хөтөлбөрийн биелэлтийн тайлан өнөө хүртэл тодорхойгүй байгаа боловч үр дүн нь сайнгүй байгаа нь нийтэд ил байна. Харин удаах цогц төлөвлөгөөний хувьд саяхан 34 хувийн биелэлтэй байгаа талаар тайлагнаж байсан. Тэрхүү тайланд 5.3 хувийн уналттай эдийн засгийг 6.3 хувийн өсөлттэй болгож эрс өөрчилсөн, 130 000  ажлын байр алдах байсныг зогсоож, 225 000 ажлын байр хадгалж чадсан тухай бичжээ. Энэ эрчээрээ энэ онд манай эдийн засаг 6.9 хувийн өсөлт үзүүлэх юм гэнэ. Хэрэв ийм мэргэн төлөвлөгөө хэрэгжээгүй бол эдийн засаг ердөө 1.6% өсөлттэй байх байсан төдийгүй хэрвээ нийтийг хамарсан вакцинжуулалтыг хийгээгүй тохиолдолд 2.4 хувь хүртлээ унах тухай дурдсан байх юм. Ийм дүгнэлт хийхийн тулд тооцоо судалгаатай, учир шалтгааныг нь статистик тоонд үндэслэн тайлбарлах ёстой юм л даа. Цар тахлын өнөөгийн хүнд үед Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэвч ингэж гоомой дүгнэж болохгүй. Үүнийг нэг л жишээн дээр харцгаая. Хэдийгээр Засгийн газраас гаргасан тайланд 225 мянган ажлын байрыг хадгалсан гэдэг сайхан  мэдээ байгаа боловч энэ нь хөдөлмөрийн захын өнөөгийн төлөвтэй зөрчилдөж байгаа юм. Ажиллах хүчний оролцооны түвшин 2017 оны сүүл хагасаас нэмэгдэж, 2018-2019 онд харьцангуй тогтвортой түвшинд хүрч 60 хувь орчимд байв. Гэвч цар тахал эхэлснээс хойш тасралтгүй буурсаар 2021 оны 2 дугаар улиралд 56.8 хувьд хүрлээ. Хөдөлмөр эрхлэлт мөн буурч, ажилгүйдлийн түвшин энэ оны 2 дугаар улиралд 8.4 хувьтай байна. Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчнээс бусад салбарт ажиллагсдын тоо буурч, нийт ажиллагсад энэ оны 2 дугаар улиралд 6.7 хувиар буурсан нь хөдөлмөрийн захын төлөв сaйнгүй байгааг илтгээд зогсохгүй Засгийн газрын нийтэд гаргасан статистик үзүүлэлттэй эрс зөрчилдөж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг сэргэж буй мэдээлэл байгаа боловч энэ нь салбаруудад харилцан адилгүй байгаа юм. Боловсруулах, эрчим хүч, худалдаа, мэдээлэл холбооны салбаруудын өсөлт нэмэгдэж, сэргэх хандлага байгаа боловч хөдөө аж ахуй, барилгын салбарын үйлдвэрлэл үргэлжлэн буурлаа. Тээврийн салбар энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар нэмэгдсэн ч, 2 дугаар улиралд 7.6 хувиар агшжээ. Барилгын салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд 39.7 хувиар буурчээ. Мөн барилгын материалын орцын үнэ огцом нэмэгдэж, тухайн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж эхлээд байна.

Засгийн газраас жил хүрэхгүйн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн хоёр том хөтөлбөрийн үндсэн зорилго нь цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүдийг дэмжих, өрийн дарамтыг бууруулах, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн бодлогоо зөөллөж, зээлийн хүү, шалгуур, хугацаа зэрэгт хөнгөлөлт үзүүлэх явдал байсан юм. Удаа дараагийн ихээхэн хэмжээний санхүүжилт гаргасны үр  дүнд арилжааны банкуудын зээл олголт нэмэгджээ. Нийт зээлийн хэмжээ 2021 оны 2 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар, бизнесийн зориулалттай зээл 16 хувиар өссөн байна. Эхний хагас жилийн байдлаар банкуудын шинээр олгосон зээл өмнөх оны мөн үеэс 43.4 хувиар нэмэгдсэн талаар энэ сард хэвлэгдэн гарсан Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлын тайланд ч дурджээ. 2020 оны эцсийн байдлаар дөнгөж 2.3 хувиар өсч байсан иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл 10 их наядын арга хэмжээний нөлөөгөөр 2021 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өсч, мэдэгдэхүйц нэмэгдсэн ажээ.

Мөн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдээс гадна хөнгөлөлттэй нөхцлөөр иргэд, ААН-үүдэд ажлын байрыг дэмжих, ХАА-г дэмжих зорилго бүхий зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгох, Монголбанкнаас олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл болон репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 1.8 их наяд төгрөг, ХАА-г дэмжих зээлийн хүрээнд 319.8 тэрбум төгрөг, ипотекийн зээлийн хүрээнд 612.4 тэрбум төгрөг, репо санхүүжилтэд 644.3 тэрбум төгрөгийг он гарснаас хойш зах зээлд нийлүүлжээ. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 2021 оны 7 дугаар сарын байдлаар банкны системийн нийт зээлийн 17.8 хувийг эзэлж байна. Түүнчлэн, банкны системийн нийт зээлийн 27.2 хувь буюу 5.2 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, үлдэгдэл хугацааг сунгажээ.

Ийнхүү хөнгөлөлттэй зээл, санхүүжилтүүд нэмэгдэж, цар тахалд өртсөн салбаруудын үйлдвэрлэл болон орлогод дэмжлэг үзүүлж байгаа. Гэвч энэ оны эхний хагас жилийн нөхцөл байдлаас харахад эдийн засаг сэргэх хугацаа удаашралтай байна. Тодруулбал, бодит эдийн засаг эхний улиралд 14.8 хувиар өссөн ч 2 дугаар улиралд 0.6 хувиар, эхний хагас жилийн дүнгээр 6.3 хувиар нэмэгджээ.

Өрхийн сектор ч таатай бус үзүүлэлттэй байна. Энэ нь өрхийн өрийн түвшин өсөж, орлого буурсан, хөдөлмөр эрхлэлт буурч, ажилгүйдэл нэмэгдсэн үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Түүнчлэн, хэрэглээний бараа  бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн бодит орлогод хамгийн том дарамтыг учруулж болзошгүй байгаа бөгөөд өрхүүдийн цалин хөлсний орлого хурдан сэргэхгүй нөхцөлд өрхүүд хэрэглээгээ багасгаж, энэ нь эдийн засаг сэргэх хугацааг удаашруулах эрсдэлтэй. Засгийн газраас айл өрхүүдэд үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээ ирэх оны эхний өдрөөс цуцлагдана. Энэ үеэс өрхийн бодит орлого буурч өрийн дарамт нэмэгдэх, хэрэглээ хумигдах, улмаар эдийн засгийн сэргэлтийг удаашруулах хүчин зүйл болж таарна.   

Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдтэй холбоотой хэд хэдэн томоохон эрсдэл санхүүгийн салбарт анзаарагдаж эхэллээ. 2021 оны эхнээс банкны активын өгөөж эерэг түвшинд хүрсэн ч чанаргүй зээл нэмэгдэж байгаа нь банкны салбарын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас зээл олголтын шалгуур, стандарт суларч тэр нь зээлийн огцом тэлэлтийн шалтгаан болвол зээлийн чанарт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд банкнаас олгож буй хөнгөлттэй зээл бизнес эрхлэгчдэд тавих шаардлагыг зөөлрүүлж, харьцангуй сул нөхцөлөөр зээл олгож байгаа нь ажлын байрыг хадгалж, бизнесүүдийг дампуурлаас сэргийлж байгаа боловч үр ашиггүй ААН-үүдийг дэмжих, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, улмаар хөнгөлөлтийн арга хэмжээ дуусах үед санхүүгийн салбарт гэнэтийн сөрөг шок үүсгэх эрсдэлтэй.(ОУВС, Санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2021).

Үүнээс гадна, мөнгөний нийлүүлэлт, инфляцын хэмжээ огцом нэмэгдэж байгаа нь санхүүгийн салбар сайнгүй байгааг илтгэх үзүүлэлт юм. 2021 оны 8 сард мөнгөний нийлүүлэлт 21.5 их наяд төгрөг байсан бол нэг жилийн дараа 27 их наяд төгрөгт хүрч манай улсын түүхэнд байгаагүйгээр огцом өсчээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд 3.4 их наяд төгрөгийг зах зээлийн эргэлтэд оруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмжээ. Иймээс инфляц өсөх нь гарцаагүй юм. Өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 9.1 хувь, улсад 8.9 хувьд хүрсэн байна. Цаашид Монголбанкны үнэт цаасанд хуримтлагдсан 9 их наяд төгрөгөөс зах зээл рүү тооцоо судалгаагүйгээр их хэмжээний мөнгө нийлүүлбэл инфляц хоёр оронтой тоонд хурэх нь зөвхөн хугацааны асуудал болж хувирна. Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, Монгол төгрөгийн худалдан авах чадвар шалдаа буурах аюул нүүрлэнэ. Инфляцыг өндөр орлоготой иргэд төдийлөн мэдрэхгүй боловч хоног өдрөө дөнгөн данган өнгөрөөж буй дундаас доош орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын хүндээр тусдаг. Ийм өрх, гэр бүл манай нийгэмд дэндүү олон.

Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор дэлхийн улс орнуудад эдийн засаг, санхүүгийн салбарыг дэмжих арга хэмжээнүүдийг эрчимтэй авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ-ын хувьд эмзэг бүлгийн өрхүүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээний 2 жилийн хугацаатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Харин Европын холбооны орнуудын хувьд эдийн засгийг дэмжих үйл ажиллагааны нийт зардал бүс нутгийн ДНБ-ий 14 хувьд хүрээд байна (Европын системийн эрсдэлийн зөвлөл, 2021). Манай улсын хувьд Засгийн газраас зарласан хоёр хөтөлбөр, гадаадын зээл, тусламж, Эрдэнэт ТӨҮГ-аас авсан санхүүжилт, Оюу толгойн олон улсын шүүхийн арбитрын барьцаанд байсан нэг их наяд төгрөг зэргийг тооцвол ДНБ-хээ 50 хувиас илүү хэмжээний хөрөнгө мөнгө цар тахалд зарцуулжээ. 13 тэрбум орчим ам.долларын ДНБ-тэй манайх шиг улсын хувьд дэндүү ахадсан тоо.  Дэлхийн хөгжилтэй улс орнуудын аж ахуй нэгж, ард иргэдээ цаашид ч дэмжих боломж хангалттай бий. Харин манай улсын хувьд төсвийн нөөцөө барж, санхүүгийн чадавхаа ч эцэст нь тултал шавхаад “модоо барих” хэмжээнд хүрчихээд байна. Тооцоо судалгаагүй, хэтэрхий үрэлгэн зарцуулалттай хөтөлбөрүүд бай-гаа онохгүй балрахаас гадна төсвөө, санхүүгийн салбараа самарч эдийн засгаа жинхэнэ утгаар “сэхээнд оруулах” эрсдэлтэй байгааг манай улсын өнөөгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас харж, дүгнэж болно.

2021 оны 9 сарын 21

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах