Г.Мэнд-Ооёо: МИГЖЭД ЖАНРАЙСИГ
Түүхийн нугачаа, он цагийн шуурган, гал усны гашуун бэрхэд устаж үгүй болсон, алдагдаж хальж гарсан Монголын түүх соёлын өвийг сэргээхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах уриа дуудлага болгож нүдэнд тусахуйц томоохон үйлс бүтээхээр 1990-1996 онд Соёлын зүтгэлтнүүд оройлон МИГЖЭДЖАНРАЙСИГ хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлсэн билээ. Бүтэн 7 жилийн турш, 500 гаруй хүний хүчин чармайлт, 2.0 сая ард түмний хандив, Төр засгийн оролцоотойгоор амжилттай хэрэгжиж
1996.10.26-27- нд нээлтээ хийж билээ. 25 жил өнгөрчээ.
БИЛГИЙН МЭЛМИЙ НЭЭХҮЙН УТГА ТАЙЛАЛ
1. Эртний судар сөхвөл: Энэ Замбуутивээс найман түмэн бээрийн алсад орших Сүмбэр уулын орой тус газарт Хурмаст тэнгэр нарын хосгүй орд шилтгээн байх бөгөөд тэндэхийн нэг хоног нь манай дэлхийн нэгэн зуун жилтэй тэнцэх болой. Түүнээс чинагш жаран мянган бээрт газрын хязгаараас хагацсаны орон буй гэх. Тэндээс нэг дахин холд орших орныг Төгсбаясгалант орон гэх бөгөөд тэндэхийн нэг хоног манай дэлхийн дөрвөн зуун жилтэй тэнцэнэ. Төгсбаясгалант орноос дээш нэг зуун хорин найман түмэн бээрийн чинадад Хүслийн орон оршино. Хүслийн оронд юу хүссэн бүхий л зүйл хувилгаанаар биелэн буй болдог аж.
Түүнээс чинагш нэг дахин холд Дүрсгүйн орон буюу зөвхөн төгс оюун санаа оршдог ажгуу... Орчин үеийн шинжлэх ухаанд томьёологдон гарч ирсэн неосфера буюу оюун санааны мандал нь бидний оршин буй био мандлыг хамааран хаа нэгтээ оршин байдгийг манай өвгө дээдэс хэдийнээ мэдэж, ойлгож байжээ. Хүмүүний бодол санаа, үг хэл, үйл хэргийн бүхий л мэдээлэл үл замхарч, үүрд хадгалагдан үлдэх учраас л ухаант хүмүүн сэтгэлийнхээ огторгуйг ертөнцийн оюун санааны мандалтай хамааран нөхцөлдөж оршдогийг мэдэрч зөв явах, үнэн байхын монгол ухаан эрт галаваас цогцолсон буй заа.
Гандангийн дэнж бол тэрхүү Төгсбаясгалант орны туяа туссан газар гэж их номч, гавж Д.Дамдинсүрэн багш айлдаад, тавдугаар Богд бээр орон хийдээ байгуулах газар шинжиж яваад "яг л энд Төгсбаясгалант дээдийн орны туяа нь тусаад байна" хэмээн тиг татсан тухай ярьж өгсөн сөн. Ийнхүү нэг хоног нь манай дэлхийн дөрвөн зуун жилтэй тэнцэх амар амгалан Төгсбаясгалант орны байгууламжийн тигээр өдгөөгийн Гандан хийдийг цогцлоосны голч төвд нь хожмоо Мигжэд Жанрайсиг их бурханыг залсан нь уулаасаа л сансар галактикийн хэмжээнд сэтгэж, юм бүхнийг бэлгэ зохируулахуйн ёсоор дээдийн орны хот мандлыг үлгэрлэсэн нь энэ болой.
2. Мигжэд Жанрайсиг их шүтээнийг ХХ зууны эхэнд буюу 1911 оны зуны илүү сарын шинийн арван тавнаа Богд Жавзандамба хутагтын мэлмийг амгалан болгох залбирал талбиж бүтээж эхэлсэн нь; угтаа Монгол орон даяар өрнөж эхэлсэн үндэсний тусгаар тогтнолын төлөөх хувьсгалт хөдөлгөөнийг бэлгэдсэн хэрэг бөгөөд Монголын төр түмний "мэлмийг нээх" утга санаанд нэгдэж байлаа. Тиймээс ч хамгийн түрүүнд Чин ван Ханддорж идэвхийлэн дэмжиж, халх дөрвөн аймаг даяар хөрөнгө цуглуулж, улмаар бурханаа бүтээх ажлаа ч үргэлжлүүлж хувьсгалаа ч ялалтанд хүргэсэн бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүлсэн Бүгд Ерөнхийлөн захирах Яам их шүтээнийг бүтээлгэх ажлыг удиран шинэ тулгар төрийн үйлс болон өрнөж тулгар шинэ төрийнхөө ивгээлээр цогцолсон түүхтэй. Гэвч Монголд гучаад оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр Мигжэд Жанрайсиг их бурхан үгүй болсон юм.
1980-аад оны сүүлчээр Монгол оронд өрнөсөн ардчилал, сэргэн мандал, өөрчлөн байгуулалтын үзэл санаа идэвхжиж, ялангуяа түүх соёлын өвийг сэргээх хөдөлгөөн өрнөж, уран зохиол, соёл, урлаг, шашин шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн үүсгэн байгуулсан Монголын соёлын сан манлайлан цагийн эрхээр егүүтгэгдсэн Мигжэд Жанрайсиг бурханыг эрж хайх, хуучин сүмийг засварлах, олдохгүй бол их шүтээнээ шинээр бүтээхээр зориг шулуудсан юм. Миний бие 1990 оны өвөл Москва, Санткт Петрбург хотуудад их бурханы эрлийн ажлыг мухарлаж ирээд Монголын соёлын сангаас захидал илгээж Ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарт хандаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналаа тавьсанд төдөлгүй 1991.2.13-нд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол зэрэг гарсан билээ. Ийнхүү Мигжэд Жанрайсиг цогцолборыг анхны утга ба тигээр нь бүтээн байгуулах утга санаа нь цагийн шуурганд гажуудсан алдаа завхарлыг засаж түүхийнхээ гүн рүү эргэн харах, хэлмэгдсэн өв соёлоо сэргээх, хамгаалах бүх нийтийн хөдөлгөөнийг дэмжсэн Монгол төрийн мэргэн хараа байсан юм. Ийнхүү их бурхан бүтээгчид бид "Билгийн мэлмий нээх" тэрхүү гүн утга санааг бүрнээ илэрхийлэхийг гол болгосон билээ.
3. Ерээд оны эхэн бол манай орны нийгмийн тогтолцоо эрс өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц ид өрнөсөн улс орны шилжилтийн хамгийн төвөгтэй үе байв. Дэлгүүрийн лангуу хоосорч, давс гоймон хоёроос өөр юмгүй, талх картанд орж, ард олон үүрэг үүрч ганзагын наймаанд хойш урагш хөлхөж ахуйд энэхүү нүсэр том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь нэгэн бодлын их гэнэн явдал мэт байлаа. Өнөө бодоход сэтгэлд багтамгүй тэр нөр их үйлсийг бүтээх хөрөнгө хамгийн тарчиг буурай ерээд оны эхэнд цугларсан нь ердөө л түүх соёл, шашин, язгуур өв уламжлал, дархлаагаа сэргээх гэсэн монгол түмний хүсэл зоригийн илэрхийлэл байв.
Түүнчилэн бүтээн байгуулагчдад хүлээлгэсэн их итгэл байсан бөгөөд түмний хишиг буяны эс дусал болгоныг их шүтээнд нь бүрэн шингээх гэсэн ашиг хараагүй чин үнэн сэтгэл зүтгэлийн үр юм. Соёлын сангийнхан бид бадар барин хот хөдөөгүүр давхилдаж, сугалгаа гаргаж, телевизийн шууд нэвтрүүлэг хийж, ноос үс, хаягдал төмөр хүртэл цуглуулж, чимх чимхээр зардал хуримтлал буй болгож, ард олон минь тав гурван төгрөгөө өргөсөөр "Буяны алтан дэвтэр"-т 2,0 сая гаруй хүний нэр бичигдсэн нь монгол айл болгон, иргэн бүр хувь нэмрээ оруулсан нь асар том бүтээгч хүч байсан юм. Далайд дусал нэмэр гэдэг үг юутай үнэн билээ. Хандивлагчдын нэрсийн жагсаалтыг зохиолчид манлайлж билээ. Алтан дэвтэрийг зохиолч Дарамын Батбаярын хандиваар эхэлсэн байдаг. "Говь" үйлдвэр, Буянгийн Жаргалсайхан нар тус бүр 10,0 сая төгрөг хандивласан нь тухайн цагтаа тэнгэрт тулам тоо сонсогдож байсан. Ганц жишээ дурдахад, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хурлын дарга Г.Батжаргал гэр бүлийн хамт 80-аад хонь туугаад, нутгийнхаа шороо цэцэг ургамалын дээжээс бумбанд хийж яг улсын наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн нь ард олноо уриалсан том агуулгыг илэрхийлж билээ. Хотон дахь халзан цагаан хонио зүслэх, чихэн дэхь алтан ээмэгнийхээ өрөөснийг тайлж аваад өгөх, тэтгэвэрээ буух болгонд 3 төгрөг бариад ирж байгаа ард олноо харахад их бурханы түүх аажимхан боловч улам үнэ цэнэтэй төгөлдөр утга агуулгаар баяжсаар байлаа. Мөнгөний ханш байнга унаж, юмны үнэ өдөр бүр өсөж байсан тэр цагт дуучин Ш.Чимэдцэеэ, найруулагч Л.Гомбосүхэн нар Жанрайсигт хандив цуглуулахаар Монголоо тойрч, замаасаа дансаар хэдэн төгрөг шилжүүлдэг байсан нь ажил урагшлуулахад их нэмэр төдийгүй олон нийтийн урам зоригийг сэргээж байв.
Мөнгөний гачигдал, хомсдол бүр гаарч, их бурханыг бүтээх ажлаа түр завсарлах уу гэх асуулт тулгарав. Наад ажлаа орхи, Улс орон баян болохоор үргэлжлүүл гэсэн шахалт ч ирж байв. Ийм үед, юутай ч гэсэн ард олондоо байдлыг мэдээлж зөвлөлдөе хэмээн "Бүх ард түмний буяны өдөр" зарлаж Телевизийн шууд нэврүүлэг хийв. Тэр өдөр Монголчууд, Гандан хийдийн их хэрэм дотор бараг багтахгүй болтлоо цугларч, 18 аймгаас хандивын мэдээ утсаар ирсээр тэр өдөр 50,0 сая /тэр үеийн ханшаар/ төгрөг цугларч түүгээр Их бурханаа урлах зэсийнхээ төлбөрийг хийж билээ. Ард түмэн маань түүх соёлынхоо хосгүй дурсгалыг сэргээж үндэсний бахархлаа бадраан нийтийн урам зоригоо өргөхийг ямар их хүсч яарч буйг ийнхүү мэдрэх тусам бүтээгчид асар их хүч тэнхээ авч байсныг хэлэлтэй.
4. Ихээхэн бэрх зам туулан байж, Эрдэнэтийн баяжмалыг Орос улсад гаргаж хайлуулан хавтан болгоод буцааж авчирч түүгээр их бурханыхаа лагшинг урласан нь эх орныхоо эрдэнэ баялгаар шүтээнээ урлах бэлгэдлийн гүн утга санаа бөлгөө. Нийт 19 тонн буюу 594 хавтгай дөрвөлжин метр талбайтай зэсээр их бурхан бүтэж дотоод араг бүтээцэд 20 тонн ган орсон юм. Шүтээний лагшинд өргөх Дундговийн Дөрвөн дэртийн чүгчигноров, Хөвсгөлийн номин цэнхэр ногоон болор, Өмнөговийн Хурын булгийн цагаан шүр, Дорноговийн Даланжаргалангийн мана, Өвөрхангайн Гүн усны хар мана, Ховд аймгийн Хойд цэнхэрийн ягаан болор, Төв аймгийн Туул голын хас зэрэг 186 сүрлэг чимэглэл шигтгээг Геологийн төв лабраторийн хамт олон урласан юм. Их бурханы чинадын мэлмий буюу магнай тус өргөсөн гэрэлт шигтгээнд нийт 2286 үнэт эрдэнийн чулууг шигтгэсэн бөгөөд Архангайн очир алмаас, Баянхонгорын бадмаараг, Дундговийн молор, Сэлэнгийн нил эрдэнэ, Говь-Алтайн анар, Өмнөговийн гэрэлтчимэд, Сүхбаатарын усан биндэръяа тэргүүт бүх аймгийн эрдэнэс буй. Энэхүү ер бусын эрдэнэсийн чуулбар дотор Гүрүдиваа рембүүчий, геологич Ж.Лхамсүрэн, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Сүрэн нарын хувиасаа өргөсөн бадмаараг, индранил, биндэръяа тэргүүтэн үнэлшгүй үнэт эрдэнэс гялалзаж буй.
Их бурханы лагшинд тавыг харьцах таван см хэмжээтэй 75926 хуудас алт үлэмж мөнгө боловсруулсан хорголжин алт орсон бөгөөд алтлах технологийг шинжлэх ухааны зөвлөх З.Омбоо, П.Галсан нар боловсруулсан билээ.
5. Мигжэд Жанрайсиг их шүтээнд Монгол орны Богд, Хаан, Хан цолтой уулсаас эхлээд сүлд тахилга оршсон хайрхан овоодын чулуу, цэцэг шороо, эмэн зүйлсийн ургамал, гол мөрөн, аршаан булгуудын усны дээжисийг чуулаасан нь Монголын эд баялагийг хураангуйлсан утгатай.
Морин хуур урлаач Д.Уламбаярын урлаж, их хуурч Г.Жамьян гуайн хуурын нумыг оруулан аялгууг дуурьсгаад их бурханд залсан. Австралиас эх нутагтаа эргэн ирсэн Монгол тахийн хул азарганы сүүлээр хийсэн бас нэг хуурыг Байгаль Орчны яамнаас бэлэглэсэн нь "Монголоос хальж гарсан үнэт өв соёл эх нутагтаа эргэн ирэхийг бэлгэдсэн юм.
Уран сийлбэрч Л.Чуваамид гуайн урласан тахилын ширээний урт нь 5м, өргөн нь 2м бөгөөд Хан Хэнтий уулынхаа болон Хангай ханыхаа хуш модыг эвлүүлэн зүйж хийсэн бөгөөд тахилын ширээг их аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох тэргүүтэн улсын цолтой 12 хүчит бөхчүүд байранд нь өргөж залсан байдаг.
6. Их шүтээний дотоод сүншиг бол маш нарийн дэг ёстой, тиг горимтой ер бусын бүтээн байгуулалт. Бурханы сорогшин буюу амин модыг урин хаврын нэгэн сайхан өдөр Богд уулнаасаа 80 настай чилгэр залуу мөнх ногоон хуш модыг залж, газарт хүргэлгүй Гандан хийдийн хэрэм хүргэж ирэхэд дотор их хамба Д.Чойжамц тэргүүтэн лам нар хадаг тосон угтаж авсан сан. Удалгүй мөнөөх амин мод үзүүрт нь Бурхан багшийн рэнсэл бүхий болор суварга, ёзоорт нацагдорж, дөрвөн талд нь тарни номын үсэг шингэж Мигжэд Жанрайсиг бурханы амин гол болон заларсан болой.
Дархан хотын ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн маань Хүннү дээдсийн үеэс монгол газар ургаж асан таван зүйл тариа будааны дээж, монгол газар шорооны шим, монгол хүний хөлсний дусал үеийн үед шингэсэн нандин утга бүхий 80 гаруй сортыг сүншигт зориулан өргөсөн билээ. Их бурханы оюун санааны ертөнцийг бэлгэдэх их хөлгөн "Ганжуур", "Данжуур" судраас эхлээд "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар" тэргүүт их хөлгөн туульсуудаас эхлээд өдий төдий судар номын дээж залагдсан хийгээд тус бүр үүх түүхтэй, утга учиртай байсан, тэр болгоныг тоочин тайлбарлаж яахин барах билээ. Их бурханы төгс утгын оюун санааны үндсийг Монголын соёлын сангийн зөвлөлд байнга хэлэлцэж төгөлдөршүүлж байсан бөгөөд Ардын уран зохиолч С.Эрдэнэ, их лам Х.Гаадан, Ардын зураач Н.Цүлтэм, академич Д.Цэрэнсодном тэргүүтний билгүүн оюуны шим үлэмж шингэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Шашны нарийн нандин соёлыг цогцлооход их лам Гүрүдиваа ренбүчий, гавж Г.Диваасамбуу, их лам Д.Данзан, бурханч лам Г.Пүрэвбат нарын эрдмийн өглөг цаглашгүй бөлгөө. Их бурхан урлахад уран барималч Л.Болд, Ц.Адьяа болон бурханч барималч Н.Жамбаа гуай тэргүүт дөч шахам уран барималчид аагим халуун, тэсгим хүйтнийг үл ажран 6 жилийн турш хөдөлмөрлөсөн нь асар их авьяас билгийн үр шим, тэсвэр тэвчээр шалгасан үйлс болой. Их бурханыг бүтээн цогцлоох өдөр тутмын ажлыг нугалахад 500 гаруй хүн гар бие оролцсон түүх буй.
Их бурханы бүтээл Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед эхэлж, П.Жасрай гуайн Засгийн үед ид өрнөж, М.Энхсайханы засгийн үед өндөрлөсөн бөгөөд Улсын комиссыг Д.Дорлигжав, Н.Энхбаяр, Ж.Амарсанаа нар толгойлж байлаа.
7. Шашны номоор нь хэлвээс хамаг амьтны харшлах шалтгаан хийгээд ариун бус бүхнийг арилгаж, зохилдох шалтгаан хийгээд эши онол, энэрэл буян, эрдэм бүхнийг гийгүүлэгч, оюун билгийн нигүүлсэхүй үйлсийн дээд хураангуй нь билгийн мэлмий нээгч Мигжэд Жанрайсиг ажгуу.
Их шүтээнийг бүтээн залахдаа; үндэсний тусгаар тогтнолын үзэл санааны бэлгэдэл болгон 1911-1913 онд анх бүтээсэн түүхэн уламжлалыг хүндэтгэж, нэгэн мянга есөн зуун гучаад оны сүүлчээр их бурхан хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж хөнөөгдснийг сэргээж, арван долдугаар жарны цагаан морин жилээс өрнөсөн түүх, соёл, уламжлалаа өвлөн дээдлэхийн төлөө соёл, шинжлэх ухааны зүтгэлтэнүүдийн санаачлан оройлсон буянт үйлс, ард түмэн, төр засгийн ивээл, сайн санаат буяны садан нарын өглөг, мэргэдийн оюун билгийн охь, монгол урчуудын урлахуйн эрдэм, үндэсний бэлгэдэл, зан үйл, шашны соёл, уламжлал бүгдийг энд шингээн бүтээсэн болой.
Монголын ард түмний энэхүү их шүтээнийг бүтээх санаачлага гаргаж оюуны төгс утгыг үүсгэн, урлан цогцлуулж, эрхлэн бүтээгчид нь; монгол хүний эрдэм билиг, ард түмний оюун санаа, эх орны эд баялаг бүхний дээж манлайг энэхүү их хөлгөн туурвилдаа шингээн, Монгол төрийн тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмий өнө мөнхөд гэгээн тунгалаг байхыг бэлгэдэн, хүмүүн төрөлхтний энх амгалангийн дээд эрмэлзлэлийн утгыг төгс бүрдүүлж төр улс, түмэн олныхоо билгийн мэлмийд өргөсөн билээ.
8. Цаг хугацаа нисэх мэт харван одсоор тэр цагаас хойш хорин он улиран оджээ. Манай ард түмний авьяас билиг, эрдэм мэдлэг, ур ухаан улам бүр арвижин дэлгэрсээр, Монгол хэмээх нэр дэлхийн чихийг дэлдийлгэсээр буй мэдээллийг бид бараг өдөр бүр сонсох болов. Монгол эрдэмтэд шинжлэх ухааны нээлт хийж, манай урлагийнхан, тухайлбал дуурийн залуу дуучид хүн төрөлхтний сонгодог урлагийн амжилтыг манлайлж, монгол хүүхдүүд олон улсын ой тогтоолт оюун ухаан сорих наадмуудыг байнга хошуучилж, монгол язгуур утга соёл дэлхийн дэвжээнд гайхагдаж байна. Тоочиж барамгүй энэ их бахархлыг хураангуйлан хэлбэл, Монголчуудын БИЛГИЙН МЭЛМИЙ цэлийтэл нээгдсэнийг бид харж байна. Монгол хүний оюун билгийн дэлгэрэл тохиосон түүхийн энэ онцгой мөчлөгийг анзаарваас; улс даяараа хөдөлж, түмэн олноороо эвлэн цогцлоож түүх соёлынхоо өвийг сэргээхдээ түүндээ шингээн дэлгэрүүлсэн оюуны төгс утгын тайлал буй заа хэмээн бэлгэшээн сүсэлнэм.
2016.Х.24 УлаанбаатарГ.М "Оршихуйн гэрэлт хүрээн дотор", 87-р тал, УБ 2018
Сэтгэгдэл үлдээх