Цэс Close

“МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦАА: Түүх, орчин үе (1911-2021)” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны төв архив, Архивын ерөнхий газар хамтран “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021)” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С.А. Краминцев, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид, эрдэмтэд оролцов.

Үзэсгэлэнд Монгол-Орос хоёр улсын харилцааны 100 жилийн түүхийг онцлог үеэр нь багцалсан 5 хэсэгт хамаарах 360 гаруй баримтыг дэлгэн үзүүлж байна.

Нэгдүгээр үе. 1911-1920 он. Богд хаант Монгол Улс ба Хаант Орос улсын харилцааны хөгжлийн үе. Энэ үе нь Монголын гадаад бодлогын  хамгийн чухал түүхэн цаг үе юм.  Тухайлбал: Монголчууд 1911 онд Манжийн дарлалаас чөлөөлөгдөж,  Богд хаант Монгол Улсаа байгуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, улмаар  1912 онд Орос улстай Найрамдлын гэрээ, 1915 онд Хиагтын гурван улсын   гэрээ бичгүүд хийгдэж Монгол, Орос хоёр улсын  гадаад харилцааны түүхэн хуудас нээгдсэн юм.  Энэ үед тавигдсан сонин содон баримтаас тоймлон хүргэвэл, VIII Богд Живзундамба хутагт, Халхын дөрвөн ханаас Хаант Орос Улсын эзэн хаанд илгээсэн тусламжийн бичиг, бичгийн хавсралт 21 зүйл, Хүрээн дэх Оросын консулд Богд гэгээнтнийг Монгол Улсын хаанд өргөмжлөхөөр тогтсоныг мэдэгдэж, Монгол Улсын тусгаар тогтнолын хэрэгт найртай сайнаар туслалцахыг хүсэж илгээсэн бичиг, Хаант Орос Улс, Монгол Улсын хооронд байгуулсан найрамдлын гэрээ гэх зэрэг сонирхолтой баримтууд тавигдсан.

Хоёрдугаар үе. 1921-1935 он. Үндэсний ардчилсан хувьсгал ялснаар  Монгол Улс нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, гадаад бодлогоо бие дааж явуулах түүхэн боломж нээгдсэн билээ. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотод байгуулсан юм. Тус гэрээ нь Монголын түүхэнд хойд хөрштэйгөө эрх тэгш байдлаар байгуулсан анхны эрх зүйн баримт бичиг байсан. Гэрээний дагуу хоёр улс  дипломат харилцаа тогтоон 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээж нийгэм эдийн засгаа хөгжүүлэх, гадаад бодлогоо бие дааж явуулах түүхэн боломж бүрдсэн юм.  Энэ үед холбогдох

Монгол, Оросын найрамдалт харилцааны гэрээ бичиг, Зөвлөлт засагт Орос Улстай найрамдлын хэлэлцээр байгуулахаар томилогдсон С.Данзан, Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж нарт бүрэн эрх олгосон Ерөнхий сайд Д.Бодоогийн тамгатай бичиг, ЗСБНХУ-ын Ерөнхий сайд И.В.Сталинаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнд бичсэн захидал зэрэг сонирхилтой баримтууд орсон юм.

Гуравдугаар үе. 1936-1965 он.  БНМАУ нь 1945 оны эх орны дайны хүнд хэцүү он жилүүдэд Оросын ард түмэнд эд материал, оюун санааны гүн туслалцаа үзүүлж байснаас гадна 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд хамтран оролцож ялалт байгуулан, улмаар 1945 оны 10 сарын 20-ны өдөр Бүх ард түмний  санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм.  1961 онд НҮБ-ын гишүүн, 1962 онд дэлхийн социалист системийн гишүүн орон болж, /ЭЗХТЗ. 1962 он/ Монгол Зөвлөлтийн худалдаа, эдийн засаг, цэрэг арми болон соёлын харилцаа улам бэхжсэн үе юм.  Энэ түүхэн үеийг харуулсан БНМАУ ба Зөвлөлт засагт нийгэм журамт Бүгд найрамдах холбоот улсын харилцан туслалцах протокол хэмээх гэрээ, БНМАУ ба Зөвлөлт засагт нийгэм журамт Бүгд найрамдах холбоот улс хооронд нөхөрлөл ба харилцан туслалцах гэрээ, БНМАУ ба ЗСБНХУ-ын хоорондох худалааны гэрээ зэрэг олон чухал гэрээ бичгүүд батлагдсан байдаг.

Дөрөвдүгээр үе. 1966-1990 он. Энэ үе БНМАУ-ын олон улсын харилцаа өргөжин тэлж, Монгол-Зөвлөлтийн улс төр, худалдаа эдийн засаг болон соёлын харилцаа урд өмнөхөөсөө илүү гүнгийрч, бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн оргил үе байсан.  Энэ үед холбогдох 1966 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондын найрамдал хамтын ажиллагааны болон харилцан туслалцах гэрээ, 1971-1975 онд ЗСБНХУ ба БНМАУ-ын хооронд бараа ханган нийлүүлэх тухай гэрээ зэрэг чухал гэрээ бичгүүд байгуулагдаж бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байсан юм.

Тавдугаар үе. 1991-2021 он.  Шинэ улс төрийн нөхцөл байдал дахь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны үе. 2000 оны Улаанбаатарын тунхаглал, монгол-оросын харилцааны мөн чанарыг стратегийн түншлэлийн хэмжээнд тогтоосон 2006 оны Москвагийн тунхаглал, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай 2009 оны тунхаглал болон хоёр талын бусад суурь баримт бичиг нь хоёр улсын ард түмний хоорондох харилцааны бат бэх суурийг тавьсан.

Тус гэрэл зургийн үзэсгэлэнг МУИС, Архивын ерөнхий газарт үргэлжлүүлэн гаргах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах