"Coca-Cola" спорт ундааны "BodyArmor" компанийг худалдан авчээ
Спорт ундааны "BodyArmor" компанийг "Coca-Cola" 5.6 тэрбум ам.доллараар худалдан авчээ. "BodyArmor" нь "Coca-Cola"-гийн худалдан авсан хамгийн өндөр өртөгтэй компани болж байгаа юм. Тэд өмнө нь 5.1 тэрбум ам.доллараар "Costa Coffee"-ийг 2018 онд худалдан авч байжээ. 2011 онд байгуулагдсан "BodyArmor" компани нь "Pepsi"-ийн "Gatorade"-гийн ард ордог хоёр дахь томоохон спорт ундааны брэнд юм. Тэдний араас мөн "Coca-Cola"-ийн "Powerade" жагсдаг аж.
Анх "BodyArmor"-ийг зах зээлд гарч ирэхэд алдарт сагсчин Коби Брайан болон тэннисчин Наоми Осака нар дэмжиж байсан бөгөөд одоогийн байдлаар Кобигийн хувьцааны нийт үнэ 400 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ талаар "BodyArmor"-ийн үүсгэн байгуулагч Майк Риполе “Кобигийн алсын хараа, итгэл үнэмшил байгаагүй бол ‘BodyArmor’ өнөөдрийн энэ амжилтад хүрэхгүй байсан. Би "Coca-Cola"-гийн нэг хэсэг болж, ирээдүйн зорилгоо тодорхойлж буйдаа баяртай байна" гэжээ.
Ийнхүү "Coca-Cola" компани 2018 онд "BodyArmor"-ийн 15 хувийг авч байсан бол өнөөдөр тус компанийг өөрийн эгнээндээ нэгтгэлээ.
Сэтгэгдэл үлдээх