УИХ: Эдийн засаг хөгжлийн яам нь бодлогын яам байх болно
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Салбарын яаманд мэргэжлийн хүнээр удирдуулах нь зүйтэй гэдэг санал хэлээд, тус яаманд 200-аас дээш хүнтэй ажиллах шаардлагатайг дурдав. Ингэхдээ, яамны дэргэд Эдийн засгийн хөгжлийн төв байгуулах зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Тус яамд нь үндсээрээ бодлогын яам байх бөгөөд салбар дундын зохицуулалт хийнэ гэдгийг учирлаад, сайд нарыг мэргэжлийн байх үүднээс Үндсэн хуулийг шинэчлэл хийгдсэн гэдгийг тодотголоо. Мөн тус яам дэргэдээ хүрээлэнтэй байхаар төсөлд туссан гэдгийг хэлээд, тэнд эрдэмтдийг байлцуулах асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засгийн хөгжлийн яам гэдгийг өмнө нэг байгуулаад бүтээгүй юм. Сангийн яамтайгаа үйл ажиллагаа нь давхардаад хэрэлдсээр байгаад таарсан юм. Тэгэхээр одоо байгуулах энэ яам эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог бодлогын яам байх ёстой. Эрх, үүргийг нь сайн тусгаж өгөх ёстой. Мөн хөгжлийн бодлого боловсруулах мэргэшсэн алба хаагчид, судалгааны хүрээлэн зэргийг сайтар хуульчлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Эдийн засаг хөгжлийн яамыг 85 хүний орон тоотой байхаар төсөлд тусгасан. Энэ яам бол бодлогын яам байна. Яамны хэрэгжүүлэх ажил, бодлогыг Засгийн газрын тухай хуульд тусгасан. Энэ яам дээр төсөв нь бага буюу 5 тэрбум төгрөг тусгагдсан.
Сэтгэгдэл үлдээх