Цэс Close

Барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газруудыг цэгцэлнэ

Барилга байгууламж барихаар нүх ухсан ч удаан хугацаанд ашиглаагүй орхисон, их хэмжээний шороо овоолсон, хашаа нь эвдэрч нурсан зэргээр нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн газруудад шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ийм асуудал үүсээд байгаа аж. Мөн  32 нэгж талбарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа аж. Газар ухсан ч ажлаа эхлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөрчил бүхий газруудын газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Зөрчил арилган чөлөөлсөн газруудыг тохижуулах нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Түүнчлэн газартай холбоотой бас нэгэн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нь төрийн өмчит байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын бүртгэл. 2021 оны аравдугаар сарын байдлаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж буй 2283 газар бүртгэлтэй байна. Тэдгээрээс 490 газрын мэдээллийг  газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн  “Лэнд менежер” программд бүртгүүлж, газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчилжээ. Үлдэж буй олонх газрыг эзэмшиж буй байгууллагууд одоог хүртэл газраа шинэчилсэн программд  бүртгүүлээгүй байна. Тиймээс энэхүү бүртгэлийг эрчимжүүлэх талаар Зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд төрийн байгууллагын эзэмшил, ашиглалтын газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, газрын төлбөрийг ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах