Цэс Close

Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороог бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглосон бүсэд оруулжээ

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг.

Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа.

2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар тушаал, захирамжийн дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.Хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороод хоёрдугаар  бүсэд орж байсныг нэгдүгээр бүс буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр  оруулсан байна.

Тайлбар:  Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох мөн тээвэрлэсэн тохиолдолд улсын өмч болгож сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тайлбар: Энэхүү заалтад тусгасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн А/1033 дугаар захирамжийн дагуу “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Зөвлөлийн ажиллах журам” –аар зохицуулна.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС

/2021-2022/ 

Дүүрэг 1
дүгээр бүс
/Хороо/
2дугаар бүс 
/Хороо/
3дугаар бүс
/Хороо/
4дүгээр бүс
/Хороо
Сонгинохайрхан 1, 2, 3, 4, 19, 20, 21, 22, 24, 25, 26, 27, 32, 33, 34, 35, 36, 39, 40, 41, 42, 43  5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 28, 30, 31   12, 13, 14, 15, 16, 17, 18, 29, 37, 38
Баянзүрх 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20, 22, 23, 24, 28 2, 21, 25,27    1, 3, 6, 7, 15, 18, 26
Чингэлтэй 17, 18, 19 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16    1, 2, 3, 4, 5, 6
Сүхбаатар 9, 17, 18, 19, 20  11, 12, 13, 14, 15, 16    1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10
Баянгол 9,10,11,20, 21,22, 23 - 16 1, 2, 3, 4, 5, 6,7,8,12,13, 14,15,17,18, 19,24,25
Хан-Уул 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 21     1, 2, 3, 15, 17, 18, 19, 20
Хороодын тоо 67 31 1 57
Өрхийн тоо 129,369 63,727 422 132,569
Тайлбар Сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бүс Бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүс

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор шинэчлэн тогтоосон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс /цаашид "бүс" гэх/-д мөрдөх дэглэм, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, түүхий нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, журмын хэрэгжилтэд хяналт тавих төрийн холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, орон тооны бус ажилтны эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах стандартын шаардлага хангасан түлш, зуух, эрчим хүчний эх үүсвэр хэрэглэнэ.Үүнд:

1.2.1."Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага" MNS5216:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.2."4.2 МВт хүчин чадалтай ус халаах зуухны техникийн шаардлага" MNS5043:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.3.Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага" MNS5679:2019 стандартыг хангасан сайжруулсан түлш;

1.2.4."Шингэрүүлсэн нефтийн хий, ахуйн хэрэглээний түлшний техникийн шаардлага" MNS 5083:2001 стандартыг хангасан түлш;

1.2.5.Нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний үүсвэр;

1.2.6.Стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж;

1.2.7. "Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал" МNS 6457:2014 стандартын 4.6-д заасан баяжуулсан нүүрс.

Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон тооны бус ажилтны  эрх, үүрэг

2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1.Сайжруулсан хатуу түлш худалдан авахдаа түлш үйлдвэрлэгч байгууллагаас олгосон хяналтын картыг ашиглах;

2.1.2.Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, орон тооны бус ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

2.1.3.Сайжруулсан хатуу түлшний шаталтаас үүссэн үнсийг ахуйн хог хаягдлаас тусгайлан ангилж, битүүмжлэлтэй саванд хадгалж, зөөвөрлүүлэх;

2.1.4.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар харьяалах дүүрэг, хорооны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагчид мэдээлэх;

2.1.5.Гадаад орчны болон орон байрны доторх агаарын бохирдлоос  урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, зуух, яндангийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийх;

2.1.6.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа аян, сургалт, сурталчилгаанд идэвхтэй оролцох;

2.1.7.Агаар хамгаалах талаар төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

2.1.8. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй аливаа этгээд түүхий нүүрс тээвэрлэхгүй, хэрэглэхгүй байх үүрэгтэй;

2.1.9. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд бэлтгэсэн түүхий нүүрсийг бусдад дамжуулах, худалдахгүй байх үүрэгтэй;

2.1.10. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрсийг агаарын чанарыг сайжруулах бүсээр дамжин өнгөрүүлэхгүй, тээвэрлэхгүй байх үүрэгтэй;

2.1.11. "Энэхүү журмын 1.2.7-д заасан баяжуулсан нүүрсийг зөвхөн уур үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий зуухнаас бусад зууханд хэрэглэхгүй, уур үйлдвэрлэхээс бусад зориулалтаар ашиглахгүй, дамжуулахгүй, худалдахгүй байх үүрэгтэй;

2.1.12. Энэхүү журмын 1.2.3-д заасан сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг тус тус хүлээнэ.

2.1.13. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

2.2.Төрийн байгууллага холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1.Сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг тээвэрлэх, агаарын чанарыг сайжруулах бүсээр түүхий нүүрс тээвэрлэн дамжин өнгөрүүлэх асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо шийдвэрлэх;

2.2.2.Сайжруулсан хатуу түлшийг дундын агуулах, борлуулалтын цэгүүд рүү түгээх, тээвэрлэх, борлуулалтын урамшуулал олгох, түүнд шаардагдах хөрөнгийг нийслэлийн жил бүрийн төсөвт тусган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах;

2.2.3.Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу, энэхүү журмыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилга үр дүн гаргаж ажилласан орон тооны бус ажилтны урамшуулал олгох асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэрийн дагуу тус тус Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах;

2.2.4.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий орон тооны бус ажилтантай дүүрэг, хорооны Засаг дарга гэрээ байгуулж ажиллах;

2.2.5.Хяналтын картыг үйлдвэрлэх, түгээх, нөхөн олгох, хүчингүй болгох, картаар борлуулалт хийх хэмжээ, борлуулалтын давтамжийн хугацаа зэргийг түлш үйлдвэрлэгч хариуцан зохион байгуулах;

2.2.6.Энэхүү журмын 3.1.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай маягтыг батлах, хэвлүүлэх асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хэлэлцэн шийдвэрлэх;

2.2.7.Хуульд заасан бусад эрх, үүрэг.        

2.3.Орон тооны бус ажилтны эрх, үүрэг:

2.3.1.Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, эрх бүхий улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нарын  шаардсан судалгааг цаг тухайд нь гаргаж өгөх;

2.3.2.Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг  иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, татан оролцуулах;

2.3.3.Гэр хорооллын айл өрх бүрд сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн байршил, хяналтын картыг ашиглах заавар, орон байрны доторх  агаарын бохирдлоос өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, гэрийн дулаан алдагдлыг хэрхэн багасгах, сайжруулсан түлшний зөв галлагаа, яндангаа хэрхэн зөв хөөлөх, ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэл өгөх;

2.3.4.Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, хэрэглэсэн, шатаасан, худалдсан, агаар бохирдуулсан зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар мэдээллийг Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

2.3.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль, эрх зүйн   актын  хэрэгжилтийг хангуулах үүднээс шаардлага тавих;

2.3.6.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьсан ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр урамшуулал авах;

2.3.7.Хуульд заасан бусад эрх, үүрэг.

Гурав. Нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

3.1.Дараах эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох, хүчингүй болгох асуудлыг зохион байгуулна:

3.1.1.Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд эрчим хүчний хэрэглээг тооцож нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах;

3.1.2.Энэхүү журмын 3.1.1-д заасан зөвшөөрөл олгох асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх;

3.1.3.Энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан хориглох үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн тохиолдолд нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох.

3.2.Нүүрс тээвэрлэх зөвшөөрөл хүсэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

3.2.1.Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, түүхий нүүрс худалдан авах гэрээ;

3.2.2.Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

3.3.Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичигт дараах мэдээллийг тусгана.

3.3.1. Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа;

3.3.2. Тээвэрлэх хэмжээ, тонн;

3.3.3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац;

3.3.4. Тээвэрлэлтийн маршрут;

3.3.5. Уурхайн нэр;

3.3.6. Олборлогч аж ахуйн нэгжийн нэр, талбайн байршил;

3.3.7. Буулгах байршлын мэдээлэл;

3.3.8. Эрхийн бичиг олгосон байгууллагын мэдээлэл, огноо;

3.3.9. Замын хяналтын постын баталгаажуулалтын хэсэг;

Дөрөв. Хяналт тавих

4.1.Бүх шатны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын албан хаагч, орон тооны бус ажилтан дараах хяналтыг  тавина. Үүнд:

4.1.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартад нийцсэн ахуйн хэрэглээний зуух, бага чадлын дулаан үүсгүүр, сайжруулсан хатуу түлш хэрэглэгдэж байгаа эсэх;

4.1.2.Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, нэвтрүүлж байгаа эсэх;

4.1.3.Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын үнэ, хүргэлт, түгээлт, сайжруулсан түлш болон түүхий эдийн нөөц бүрдүүлэлт, түлш борлуулах үйл ажиллагааны зохих хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх;

4.1.4.Агаарын тухай хуулийн 16-р зүйлд заасан эд зүйлс шатааж байгаа эсэх;

4.1.5.Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс зохих хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй олгосон цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, хийн халаагуур, сайжруулсан зуух хэрэглэж буй айл өрхийг тухайн авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа эсэх;

4.1.6.Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүхий нүүрс нэвтрүүлэх, шатаах, бусдад дамжуулах тээвэрлэх худалдаалж байгаа эсэх;

4.1.7.Сайжруулсан хатуу түлшний борлуулалтыг түлш үйлдвэрлэгч хуулийн этгээдээс олгосон хяналтын картыг үндэслэн хийж байгаа эсэх.

4.1.8 Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна.

Тав. Тайлан мэдээ

5.1.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий дор дурдсан байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

5.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх бүхий байгууллага хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг сар тутам;

5.1.2.Энэхүү журмын 3.1.1-д заасан зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн тээвэрлэсэн, нөөцөлсөн, хэрэглэсэн нүүрсний мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэж сар тутам;

5.1.3.Сайжруулсан түлшний түүхий эдийн нийлүүлэлт, нөөцлөлт, үйлдвэрлэл болон түгээлт, борлуулалттай холбоотой мэдээллийг түлш үйлдвэрлэх эрх бүхий хуулийн этгээд 14 хоног тутам;

5.1.4.Сайжруулсан түлшний тээвэрлэлт, хэрэглээний талаарх мэдээллийг орон тооны бус ажилтнууд тухай бүр.

5.2.Энэхүү журмын хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий байгууллага, ажилтны ирүүлэх мэдээллийн хуудасны загварыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга батална.

Зургаа. Хүлээх хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай болон Эрүүгийн тухай хууль (Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг), төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах