Нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр буурууллаа
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргалаа.
Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.
“Хонины нөөцийн махыг кг-ыг нь 7950 төгрөгөөр худалдах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг нь 7750 төгрөг байна” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. “Нөөцийн мах борлуулж буй худалдааны цэгийн тоог нэмэгдүүлж, бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүрээр борлуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махны үйлдвэр болон худалдааны сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд уулзаж, санал солилцоно.
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Махны нөөц 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар үхэр 3600, хонь 6800, ямаа 1150 тн байна.
Сэтгэгдэл үлдээх