Цэс Close

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааны уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах уриалга гаргалаа.

Уриалгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ АСУУДЛААРХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УРИАЛГА

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаар эрс  дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна.

Хүний буруу үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жил буюу 1850-аад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.

Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын хорооноос гаргадаг Газар ба уур амьсгалын тусгай тайлангуудад ойрын ирээдүйд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтээмж 20-50 хувь буурах, хөрсний элэгдэл, эвдрэл 10-20 хувь нэмэгдэх, гамшигт үзэгдлийн давтамж өсөж, улам хүндрэх хандлагатай байгаа тул улс орны төр, засгийн тэргүүд, бодлого боловсруулагчид, судлаачид анхаарлаа хандуулахыг сануулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр нөлөөг бууруулах, Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, хот, суурин газарт ногоон байгууламжийг олноор байгуулах, иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай дэлхий нийтийг хамарсан сорилтууд болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ядуурлыг бууруулахад бүс нутгийн төдийгүй боломжит олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал.

Монгол Улсын санаачилгад дэмжлэг үзүүлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн төсөл, хамтын ажиллагааг дараах чиглэлээр эхлүүлж, хөгжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллахыг уриалж байна. Үүнд:

  • Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх нэгдсэн хөтөлбөр батлан хэрэгжүүлэх;
  • Дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өмнөд хэсэг, БНХАУ-ын хойд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлэх;
  • Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн зурвас бий болгох, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх платформ байгуулах;
  • Цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг сааруулах технологи дамжуулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, одоо байгаа олон улсын санхүүжүүлэгч байгууллагын сүлжээнд түншлэлийг нэмэгдүүлэх.

Цөлжилт, газрын доройтлыг бууруулан, бидний өмнө тулгамдаж байгаа асуудал, сорилтуудыг хамтдаа даван туулах боломжийг бий болгож, бүс нутгийн байгаль орчны хөгжлийн төлөө санаачилгатай хамтран ажиллацгаая.

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”

2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах