Цэс Close

Сонгуулийн пропорциональ тогтолцоо нь сонгогчдын саналыг хамгийн сайн төлөөлж чаддаг

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил ид үргэлжилж байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог системийг сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх гэж байна. Сонгуулийн зөв тогтолцоог сонгохгүйгээр  сонгодог парламент бүрдүүлэхэд бэрх гэдгийг манай улсын 30 жилийн түүх харуулсан. Сонгууль бүрийн өмнө тогтолцоогоо өөрчилж байгаа ч аль ч тохиолдолд маргаан дагуулсаар байна. Тэгвэл пропорциональ тогтолцоо ямар давуу талтай вэ? Гэдгийг уншигчддаа товч сонордуулъя.

Сонгогч хэдэн саналтай байх, саналаа хэнд өгөх, саналыг парламентын суудалд ямар аргаар хуваарилах зэргийг зохицуулсан багц хууль дүрмийг сонгуулийн тогтолцоо гэдэг. Тухайн улсын сонгуулийн тойргийн хэмжээ, түүнд оногдож буй мандатын дундаж тоо, тойргоос ямар зарчмаар ялагчдыг тодруулж байгаагаар нь сонгуулийн тогтолцоог мажоритор, пропорциональ гэж хоёр хуваадаг.

Манай улс өнгөрсөн 30 жилийн турш мажоритор тогтолцоог томосгож, жижигсгэж олон янзаар сонгууль явуулсаны үр дүнд сонгогчдын хүсээгүй нам, хүн УИХ-д сонгогдох болсон. Ганц удаа буюу 2012 онд холимог пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулсан нь улстөрийн түүхэнд тодоор бичигдэж үлдсэн. Тухайн үеийн парламент хамгийн олон бүрэлдэхүүнтэй байсныг санах биз. АН олонхи МАН сөрөг хүчин байсан бол МАХН, ИЗНН суудалтай, бие даагчдаас бүрдэж байлаа. Өөрөөр хэлбэл сонгогчдын саналыг хамгийн сайн төлөөлж чадах тогтолцоо нь пропорциональ эсвэл хагас пропорциональ. УИХ-д олон намын төлөөлөл сууж, олон ургалч үзэл хөгжих боломжийг бүрүүлэх юм.

Пропорциональ тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хоёр хуваадаг. Тухайн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг өөрөө гаргаж, сонгогчид тэрхүү жагсаалтыг дэмжих, эс дэмжих шийдвэр гаргадаг бол хаалттай жагсаалт.

Харин сонгогчид намд санал өгөхөөс гадна дэмжиж буй нэр дэвшигчдэдээ санал өгөх боломжтой бол нээлттэй жагсаалт юм. Ингэснээр хамгийн их санал авсан нэр дэвшигчид нь тухайн намаас парламентын гишүүн болдог.

Намын хаалттай жагсаалтаар сонгогчдын төлөөллөө шууд сонгох эрх хязгаарлагдаж, намын удирдлагад эрх мэдэл төвлөрдөг. Энэ нь улс төрчдийг иргэд, сонгогчдоос холдуулах эрсдэлтэй ч намын сахилга бат сайжирч улмаар институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг. Нээлттэй жагсаалтын хувьд хэдийгээр иргэдэд өөрийн төлөөлөгчдөө шууд сонгох эрхийг олгодог ч нэг намаас дэвшиж буй улс төрчид хоорондоо өрсөлдөж, намын дотоод зөрчлийг хурцатгадаг.

Пропорциональ тогтолцоо нь дараах давуу талтай.

Нэгт, сонгогчдын санал хамгийн бага гээгддэг.

Хоёрт, нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллийг парламентад суудалтай болгох боломж олгодог.

Гуравт, олон намын тогтолцоог бий болгож энэ нь зөвшилцөл, харилцан ойлголт дээр суурилсан улс төрийн соёлыг бүрдүүлдэг.

Харин сул тал нь хэт олон нам парламентад суудалтай болсноор Засгийн газар байгуулах чадамжтай парламентын олонх бүрдэхгүй байх эрсдэлтэй юм. Гэхдээ үүнийг засах боломж байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах