Цэс Close

УИХ: Үндсэн хууль дахь "Давхар дээл"-ийн заалтыг хүчингүй болголоо

  • Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

Тэрбээр... "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байна гэж байлаа. 

     Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрх Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх албан ёсны эрх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Эдгээр хуулиудыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд миний бие 62 гишүүний хамтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ойлголтуудаа жигдлэхгүй бол болохгүй. Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан мөчөөсөө хэрэгжих ёстой. Энэ өргөн барьсан хуулийн төсөлд хэрэгжих хугацааг нээлттэй орхисон байна. Үйлчилж буй тогтоолд өөр огноо тавибал өөрчлөгдөнө. Тиймээс тогтоол гарсан өдрөөсөө хэрэгжих ёстой гэж зааж өгөх ёстой. Цэцийн шийдвэрээр 39-ийн 1 хүчингүй болсон учраас Үндсэн хуульд нийцэхгүй хэсгээрээ "дан дээлтэй" сайд нар үүрэг гүйцэтгэгч болсон байгаа шүү. Ийм тохиолдолд ямар ямар эрхзүйн акт дагах вэ гэдгээ сайтар анхаарах ёстой шүү. Цэцийн тогтоол бидэнд таалагдах эсэхээс үл хамааран бид дагаж мөрдөх ёстой. Тиймээс Цэцийн гишүүдийг дуудаж ирж байцаах асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Бид байнгын хороон дээр хэлэлцээд Цэцийн тогтоол гарсан өдрөөсөө хэрэгжинэ гээд оруулчихсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүний дагуу Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсч, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцаагүй байдалд УИХ-ыг орууллаа. Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийг дуртай үедээ оролдоод, заалтуудыг нь өөрчлөөд байгаад хязгаарлалт тавьдаг ямар зохицуулалт байна вэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд батлагдсан гэтэл Цэц гурван жил чимээгүй байснаа гэнэт одоо гаргаж ирээд заалтыг нь хүчингүй болгочихлоо.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ асуудал өчигдөр хэлэлцэгдээд 4 хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль болон бусад хуулиар Цэцийн зөв, бурууг шийдэх зохицуулалт байхгүй. Цэцийн зөв, бурууг шүүх биш үүргийг нь хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар өчигдөр баталсан хуулиудаар асуудлыг шийдсэн. Цэцийн тухай хуулийн төслүүд өргөн баригдсан. Яаралтай хэлэлцээд шийдчих хэрэгтэй байна. Цэц өөрөө гэнэт гаргаад ирсэн гэж хэллээ. Цэц өөрөө гаргаж ирэх хуулийн зохицуулалт байхгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд Цэцэд гомдол гаргаснаар хэлэлцэж шийдсэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Өнөөдрийн энэ УИХ-ын хийж байгаа алхам бол парламентын ардчиллыг бэхжүүлэх, тогтолцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялж, Засгийн газраа бүгдийг нь гаднаас байгуулсан. 1996 оноос хойш УИХ, Засгийн газрын хооронд томоохон зөрчлүүд үүсч, улс төрийн хямрал нүүрэлж эхэлсэн. 26 жил явж ирсэн асуудал дээр Цэц үгээ дугарч, УИХ шийдвэрээ гаргахаар хуралдаж байна. Ингэснээрээ Монгол Улсад парламентын ардчилал, засаглал бэхжих нөхцлийг бүрдүүлж өгч байна. Дэлхий дахинд дайнтай, том гүрнүүдийн геополтикийн зөрчил явж, олон улсад эдийн засгийн хямралтай байна. Энэ нөхцөлд Монгол Улс дотооддоо улс төрийн хямралтай байж болохгүй. Зориглож алхаж байж улс орныг хөгжүүлнэ. 2019 онд дээрх заалтыг оруулж ирэхэд энэ буруу гэдгийг ярьж байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийтэд нь батлахын тулд явуулахаас өөр аргагүй байсан.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувь нь дэмжснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах