Төсвийн төсөл: 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө
Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм байна.
2023 онд:
- Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих ажил эхлэхгүй.
- Төрийн албан хаагчид Улаанбаатараас орон нутагт шилжин ажиллах урсгалыг дэмжинэ.
- Төрийн захиргааны ажилтны суурь цалинг 20 хувиар нэмж, үр дүнгээр нь 100 хувь хүртэл өсгөх боломжийг нээх юм байна.
Мөн нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ төлөхөөр төсөлд тусгажээ.
2023 оноос эхлэн нэг сарын
- 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
- 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
- 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.
Түүнчлэн Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжийг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна. Үүнд:
1. Гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах;
2. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх;
3. Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох;
4. Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгох;
5. Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгох.
Мөн хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар Нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон болон орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл үлдээх