МХЕГ-ыг татан буулгаснаар төрийн хяналтын салбарт үүрлээд байгаа хүнд суртал, авлигыг нураах хөшүүрэг болно
2017 оны 12-р сарын 7-ны өдөр МХЕГ-ын нэг газрын дарга оймсондоо 10 мянган ам.доллар чихэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Угтаа МХЕГ гэдэг авлигачдын үнэн нүүр царай тэр үед олон нийтэд илчлэгдсэн юм. Түүнээс өмнө, одоо ч төрийн албыг мөнгө босгох хэрэгсэл болгож, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал байсаар байна.
Улсын байцаагчид нь иргэд, аж ахуй нэгжийг хясан боогдуулах, дарамтлах, шантаажлах байдлаар авлига авдаг, иргэдийг авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг арга барилд МХЕГ-ын байцаагчид гаршсан гэдгийг нотлох олон хэргийг хууль хяналтынхан илрүүлсэн. Тухайлбал, байгаль орчны байцаагчид модны ченжүүдтэй хуйвалдаж компани байгуулж мөнгө угаасан, мөн нэр бүхий таван байцаагч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилчдыг дарамталж, нэхсэн авлигыг нь өгөөгүйн төлөө томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан бүтээгдэхүүний борлуулалтыг нь зогсоосон гэх мэт хэргүүд гарч байсан.
Энэ бол зөвхөн хэвлэлийн мэдээллүүд бөгөөд үүнээс өөр илрээгүй, баригдаагүй маш олон үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Иймээс л иргэд, аж ахуй нэгжүүд мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа, улсын байцаагчийн хяналт, дүгнэлтэд сэтгэл дундуур явдаг байх.
Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлаад ажил хэрэг болгож буй МХЕГ-ыг татан буулгаж, төрийн хяналтыг Засгийн газрын дэргэд авчрах санал нь мэргэжлийн хяналтыг үгүй болгож буй хэрэг биш. Эсрэгээрээ МХЕГ-ын хяналтын чиг үүргийг бодлого төлөвлөн боловсруулан, хэрэгжүүлдэг үндсэн салбарын яамдад өгч, бодлого шийдвэр- хэрэгжилт- хяналт гурвын тэнцвэртэй тогтвортой байдлыг хангах боломжийг олгож байгаа юм. Нөгөө талдаа иргэн, аж ахуй нэгжүүдэд төрийн нэрийг барьж, хэсэг бүлэг хүнээс ирдэг хясан боох арга хэлбэрээр авлига авдаг байдлыг таслан зогсоох, төрийн хяналтын салбарт үүрлээд байгаа хүнд суртал, авлигыг нураах том хөшүүрэг болохоор харагдаж байна.
Эхний ээлжид МХЕГ-ын үйл ажиллагааг 2023 оны 1-р сарын 1-ээс дуусгавар болгож байгаа бөгөөд үүний дараа Засгийн газар болон төрийн хяналтын тухай гэх мэт салбар хуулиудад өөрчлөлт оруулснаар төрийн хяналт салбарын яамдад очих юм байна.
Сэтгэгдэл үлдээх