Шинэ “ХАМТЫН ГЭРЭЭ”-г үзэглэж, шилдэг уурхайчдаа урамшуулна
Эрдэнэт үйлдвэрийн даваа гариг тутмын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ оны отгон хуралдаанаа хийлээ. Уламжлал ёсоор шуурхайн эхэнд ковид цар тахлын сүүлийн үеийн нөхцөл байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэдээллүүдийг сонсов. Мөн үйлдвэрлэлийн цех, газар хэлтсийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн тайлан , шинэ долоо хоногт хийх ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ долоо хоног 2021 оны сүүлийн ажлын өдрүүд учраас хуучин оны ажлаа дүгнэж, ирэх оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг танилцуулах юм. Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил 98.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн 3 ажил ирэх онд хийгдэхээр шилжиж буйг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэв. Авто тээврийн цехийн уулын цул гаргалтын төлөвлөгөө 12 дугаар сард 100.2 хувиар биелж буй бол Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөлийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын суурийн цутгалт 100 хувь хийгджээ. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөө өнөөдрийн байдлаар, 96.55 хувийн гүйцэтгэлтэй үүнээс механик боловсруулалттай эд анги, резин эдлэлийн үйлдвэрлэл 104.9-150 хувиар биелсэн байна. Дулааны цахилгаан станцын К1 зуухны засвар бүрэн дуусаж, хэвийн ажиллаж байгаа бөгөөд нүүрсний нөөц 30450 тонн үлдэгдэлтэй байгаа аж. Энэ сард тус станц 775 вагон нүүрс татаж авахаар төлөвлөснөөс 661 вагон нүүрс татаж аваад байна. 2021 онд үйлдвэрийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт болон их засварын ажлын гүйцэтгэл өндөр үзүүлэлттэй байгаа хэдий ч хил гааль хаагдсаны улмаас бараа материалын нийлүүлэлт саатсанаас үүдэлтэй зарим засварын ажлуудыг ирэх онд үргэлжлүүл юм байна.
Өнгөрсөн 11 дүгээр сараас үйлдвэрийн газрын хэмжээнд өрнүүлсэн урлаг спорт, зөв зохистой амьдралын хэв маяг зэрэг дадал хэвшлээр дамжуулан дархлаа дэмжих зорилготой “Дархлаажуулалтын 4-р тун” аян өнөөдөр хаалтаа хийх тухай нийгмийн цехүүд мэдээллээ. Аяны хаалтын хүрээнд ажиллагсад эрүүл мэндийн замаар алхаж, “Алхам бүрийн амт-2” үйл ажиллагаанд оролцох аж. Энэ үеэр уг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон цех нэгж, ажилтнуудыг тодруулан урамшуулах юм байна. Энэ долоо хоногийн Пүрэв гаригт 2022-2023 онд хэрэгжих Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хоорондын шинэ “Хамтын гэрээ”-г албан ёсоор баталгаажуулж, хоёр тал гарын үсэг зурна. Ингэснээр уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт заалт бүхий “Хамтын гэрээ” хүчин төгөлдөр болж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөө хэрэгжиж эхлэх юм. Мөн шинэ оны босгон дээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаас төр засгийн өдөр дээд шагнал болон үйлдвэрийн оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Түүнчлэн авьяаслаг ажиллагсдын төлөөллөөс бүрдсэн “Авьяастны уурхай” тоглолт баярын өдрүүдээр тоглогдох ажээ. Шуурхайн төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг өндөр түвшинд зохион байгуулж, бүх цех нэгжүүд шинэ оны төлөвлөгөөгөө оны эхнээс жигд ханган ажиллах үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл үлдээх