Цэс Close

“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон эмнэлгийн удирдлагууд болон бусад албаныхан оролцлоо.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлсэн үгэндээ  “Бид эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнг 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн хамгийн том онцлог нь олон улсын түвшинд хийх суурь тавигдсан гэж хэлж болно. Өнөөдрийн үзэсгэлэнд БНСУ-аас эрүүл мэндийн салбарын 11 эмнэлэг бие даан оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан бол ирэх жилийн үзэсгэлэнд Турк улсаас хэд хэдэн эмнэлэг оролцох хүсэлт тавьсан байна. ЭМЯ-аас салбарын цахим шинэчлэлийг хийх зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 15-нд “Цахим эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд орон нутгийн иргэд ч тус үзэсгэлэнд цахимаар оролцох боломж бүрдэнэ.”  гэдгийг онцоллоо.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 13 эмнэлэг, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн 14 байгууллага, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 41 байгууллага нийт 80 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ техник технологи, эмчилгээ, оношилгооны арга, аргачлалаа танилцууллаа.

Энэ үеэр салбартаа шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлсэн шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулсан бөгөөд “Шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон Улсын Гуравдугаар Төв эмнэлэг шалгарлаа. Эдгээр эмнэлгүүд Монгол улсад эмчилж чаддаггүй байсан өвчнүүдийг эмчлэх технологийг нэвтрүүлсэн юм.
2022 онд ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар УНТЭ  донороос өвчтөнд цусны үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ.
УГТЭ Нугасны арын ёзоорыг сонгомолоор тайрах мэс засал, эмчилгээний технологийг нэвтрүүлж, Монгол улсад эмчлэх боломжгүй 26 өвчний тоог бууруулахад хувь нэмэр оруулсан амжилтаараа мөн шагнагдлаа.

Үүнээс гадна
-Шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар “Нахиа” эмийн үйлдвэр
-Шилдэг импортлогч байгууллагаар “Монгол эм импекс концерн”
-Шилдэг инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгууллагаар “Мөнхийн тун” ХХК
-Шилдэг технологи, тоног төхөөрөмж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон “Happy veritas” ХХК
-Шилдэг оролцогч байгууллагаар “Ази фарм” ХХК, “Мед импекс интернейшнл” ХХК, “Цармаг тэнгэр” ХХК тус тус шалгарлаа. Мөн ЭХЭМҮТ ба СЭМҮТ тусгай шагнал хүртлээ.
Үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэд хамрагдсан бөгөөд 4500 гаруй иргэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах