Өнөөдөр "цэвэр агаар" олон улсын өдөр
ӨНӨӨДӨР "ЦЭВЭР АГААР" ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
2022 оны Цэвэр агаар Олон улсын өдөрт зориулсан илгээлт
Уриа: Бидний амьсгалж буй агаар нэг
Үндэслэл: 2022 оны Цэнхэр тэнгэрт цэвэр агаар Олон улсын өдрийг (#WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар хамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж #TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриан дор тэмдэглэж байна.
Ерөнхий мэдэгдэл:
- ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байна. Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногдож байна (ДЭМБ, Lancet Planetary Health сэтгүүл).
- Агаарын бохирдол нь үр дагаврын хувьд ч, шийдвэрлэх арга замын хувьд ч дангаар шийдвэрлэх асуудал биш юм: Агаарын бохирдол нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, бохирдлын бусад хэлбэрүүд зэрэг дэлхий дахинд тулгарч буй асуудлуудтай салшгүй холбоотой. Зарим агаар бохирдуулагч нь уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгч хүчин зүйл болж байдаг бол уур амьсгалын өөрчлөлт нь эргээд агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлж байдаг, тухайлбал, хэт халууны улиралд ой хээрийн түймэр гарах, озоны түвшин нэмэгдэх зэрэг үзэгдэл ажиглагддаг. Энэхүү харилцан уялдаа бүхий хүчин зүйлүүдийг хамтад нь шийдвэрлэхгүйгээр асуудлыг дангаар шийдэх боломжгүй учир энэхүү харгис эргүүлгийг бид таслах хэрэгтэй билээ.
- Агаарын бохирдол нь нийгмийн болоод жендэрийн эрх тэгш бус байдал, эдийн засгийн хөгжил зэрэг хөгжлийн бусад сорилтуудтай нягт уялдаатай бөгөөд тэгш бус байдлыг улам бүр хурцатгаж, хүмүүсийг ядууралд оруулах эрсдэлийг бий болгодог.
- Дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын нөлөөллийн тэгш бус байдал түгээмэл ажиглагдаж байна. Орон нутгийн түвшинд ядуу, эмзэг бүлгийн иргэд бусад хүн амын бүлгүүдтэй харьцуулахад агаарын бохирдолд илүүтэй өртөж байгаа бөгөөд дэлхий дахинаа бага, дунд орлоготой улс орнуудад энэ үзүүлэлт багагүй байгаа төдийгүй хүн амын эрүүл мэндэд ихээхэн хор уршиг үзүүлэхээр байна.
- Агаарын бохирдол нь хамгийн эмзэг, эрсдэлд өртөмтгий, өөрсдийгөө хамгаалах хөрөнгө нөөц багатай хүмүүс, ялангуяа хүүхэд, ахмад настнуудад харьцангуй хүндээр тусч байгаа бөгөөд өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байна.
- 2021 онд агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 8.1 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ (Дэлхийн банк).
- Агаарын бохирдол нь цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах хүний эрхийг зөрчиж байна. Хүмүүс цэвэр агаар шаардахаас гадна эрхээ хангуулахын тулд хууль тогтоох тогтолцоог ашиглах боломжтой байх ёстой.
- Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүд юу байна вэ: Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд түүхий түлш хэрэглэх, түлш тээвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах, түүхий түлш, керосин ашиглан хоол ундаа бэлтгэх, гэрэлтүүлэгтээ керосин ашиглах, хог хаягдал шатаах, хөдөө аж ахуй эрхлэх, ялангуяа газар тариалангийн үлдэгдлийг шатаах зэрэг бидний өдөр тутмын үйл ажиллагаа агаарын бохирдлыг үүсгэхэд нөлөөлж байна.
Гадаад орчны агаарын бохирдол:
- Хүрээлэн буй орчны (гадаад) PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорт агаарын бохирдол нь цус харвалт, чихрийн шижин, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, нялхас, хүүхдийн эрүүл мэнд, амьсгалын замын өвчлөлд сөргөөр нөлөөлдөг (ДЭМБ Мэдээлэл). Хар нүүрстөрөгч буюу PM2.5 -ийн нэг хэсэг нь онцгой аюултай. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүн амын нас баралтын гуравны нэг хувь нь ийм шалтгаантай бөгөөд энэ нь орчин тойрныхоо гэрэл дулааныг шингээдэг тул дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Үүнээс гадна нарийн ширхэгт тоосонцор нь маш бага байсан ч хүн, амьтны эрүүл мэндэд нэн хортой химийн нэгдлүүд болох агаар мандал дахь органик бохирдуулагчтай (POPs) холбоотой байж болох юм. Түүнчлэн энэ нь гадаргын ус болон хөрсөнд органик бохирдуулагчид шингэхэд нөлөөлдөг.
- Хот, хөдөөгийн орчны (гадаад) агаарын бохирдлын улмаас 2019 онд дэлхийн хэмжээнд 4.2 сая хүн цаг бусаар эндсэн тооцоотой байна (ДЭМБ).
Дотоод орчны агаарын бохирдол:
- Дэлхий дээр 2.4 тэрбум орчим хүн керосин, мод, аргал хөрзөн, нүүрс, газар тариалангийн хог хаягдал зэрэг түүхий түлш ашиглан хоол ундаа бэлтгэж, гэр орноо халааж, гэрэлтүүлж байгаа учраас дотоод орчны агаарын бохирдлын аюултай нөхцөлд амьдарч байна. Жил бүр 3.2 сая орчим хүн өрхийн дотоод орчны агаарын бохирдлоос болж эндэж байна. Эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд ийм тохиолдолд хамгийн эмзэг өртөмтгий байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бараг тал хувь нь өрхийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 1 тэрбум орчим хүүхэд агаарын бохирдолд илүү ихээр өртөж байна. Өмнөд Ази болон Африкийн олон оронд өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь хүмүүс цаг бусаар эндэх тэргүүлэх шалтгаан болж байна. (ДЭМБ-ын дотоод орчны агаарын бохирдлын талаарх мэдээлэл)
- Хот, хөдөөд хоол ундаа бэлтгэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээ ихээхэн ялгаатай байна. 2020 онд дэлхийн хэмжээнд хот суурин газрын хүн амын 14 орчим хувь нь бохирдуулагч түлш, технологи ашиглан хоол ундаа бэлтгэж байгаа бол энэ үзүүлэлт хөдөөгийн хүн амын хувьд 52 хувь байна.
- Бодлогын хүчтэй арга хэмжээ авахгүй байх аваас 2030 он гэхэд 2.1 тэрбум орчим хүн цэвэр түлш, технологи ашиглах боломжгүй хэвээр байх тооцоотой байна. Африкийн өмнөд сахаарын улс орнуудад 2020 онд 923 сая орчим хүн цэвэр технологи ашиглан хоол ундаа бэлтгэх боломжоор хязгаарлагдаж байсан бөгөөд хүн ам нь эрчимтэй өсөхийн хэрээр нөхцөл улам бүр дордох магадлалтай учир энэ бүсэд онцгой арга хэмжээ авах шаардлагатай байна. (ДЭМБ)
Агаарын хил дамнасан бохирдол:
- Бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн шийдвэрлэх хэрэгтэй.
- Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана амьдарч байгаа хамаатан саданд багтраа өвчин үүсгэх боломжтой.
- Хотоос гадна үүсэх бохирдлын эх үүсвэрүүд орон нутгийн агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлэх учир дийлэнх хотууд өөрсдийн хүрээнд дангаар арга хэмжээ авах замаар ДЭМБ-аас тогтоосон агаар бохирдуулагчийн аюулгүйн түвшинд хүрэх боломжгүй юм. Улс үндэсний болон бүс нутгийн хэмжээнд тодорхой арга хэмжээ авч зарим үр дүнд хүрч болох ч хил дамнах агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон улсын хамтын хүчин чармайлт нэн чухал байна.
- Тухайлбал, Нидерланд Улс гудамж, талбай хот суурин, улсынхаа хэмжээнд нарийн ширхэгтэй тоосонцор (PM2.5)-ын бохирдлыг буурууллаа гэж үзэхэд хүн ам нь ДЭМБ-ын зөвлөмжөөс давсан PM2.5 тоосонцорт өртсөн хэвээр байх болно. Учир нь агаарын хил дамнасан бохирдол тус улсын агаарын чанарт хүчтэй нөлөөлсөөр байх болно.
- Агаарын урт хугацааны хил дамнасан бохирдлын нөлөөллийн өөр нэг жишээ бол эдгээр химийн хорт бодисыг үйлдвэрлэгч, хэрэглэгч бус Номхон далайн арлын 9 оронд Стокгольмын конвенцид орсон органик бохирдуулагчийн нэг болох PFAS –хэмээх химийн хорт бодис орчны агаарт илэрсэн явдал юм. Эдгээр химийн хорт бодис ийнхүү удаан хугацаагаар хил дамнан тархаж байснаар эдгээр буурай хөгжилтэй орнууд эрүүл мэндийн болзошгүй эрсдэлийн идэвхгүй хүлээн авагч болсон байдаг.
- Бас нэг төвөгтэй асуудал бол зарим агаар бохирдуулагч нь агаар мандалд химийн урвалын явцад үүсч байдаг. Энэ нь агаарын чанарыг үр дүнтэй удирдахын тулд сонирхогч талуудтай хамтран ажиллахдаа олон салбарыг хамруулсан, олон төрлийн бохирдуулагчийг шийдвэрлэх төрөл бүрийн арга барил ашиглах хэрэгтэй гэсэн үг.
- Хотууд, бүс нутаг хоорондын; бүс нутаг дахь, улс орнууд, салбарууд, бохирдуулагч хүчин зүйлсүүд зэрэг олон арга хэлбэрийг ашиглан гадаад орчны агаарын бохирдолтой тэмцэх нэгдсэн аргыг хэрэгжүүлснээр жил бүр тохиож байгаа 2.4 сая хүртэлх тооны цаг бус эндэгдлийг 2030 он гэхэд хязгаарлах боломж байна (CCAC). (үүний үндсэн эх үүсвэр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээврийн салбар, химийн бодис, хог хаягдлын менежмент, хог хаягдлыг ил шатаах зэрэг асуудлууд юм).
- 2050 он гэхэд, хүлэмжийн хий ялгаруулагч, агаарыг бохирдуулагч тропосферийн озон үүсэх бүрэлдэхүүн хэсэг болох метан хийн ялгаруулалтыг бууруулснаар эдгээр бохирдуулагчаас үүдэлтэй дэлхийн ургацын алдагдлыг хоёр дахин бууруулж чадах бөгөөд бид 4-33 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах боломжтой
Шийдэл:
- Аж үйлдвэр, тээвэр, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд бид цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах шаардлагатай байна. Өрхүүд утаа бага ялгаруулдаг зуух, түлшийг хоол унд бэлтгэх, амьдрал ахуй зэрэгтээ хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулж, өрхийн гишүүд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, өрхийн гишүүдийн аж байдлыг сайжруулах боломж бүрдэнэ. 2050 он гэхэд дэлхийн автомашины парк гурав дахин нэмэгдэх бөгөөд дэлхийн тээврийн салбарын эрчим хүчний 95 хувь нь түүхий түлшнээс эхтэй хэвээр байхаар байна. Иймээс агаарын бохирдлыг бууруулахад утаа бага ялгаруулдаг, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглах, явган явах, дугуй унах, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг нийтийн тээврээр зорчих нь нэн чухал байх болно. Дэлхийн хүнсний тогтолцоонд өөрчлөлт гаргах, тариаланчидтай хамтран газар тариалангийн хаягдлыг шатаахаас өөр хувилбар хайж олох, хог хаягдлыг багасгах, хог хаягдлыг шатаахаас татгалзах зэргээр хот суурингийн агаарын бохирдлыг 40 хувиар бууруулах боломжтой. Үүнтэй нэгэн адил чухал зүйл бол хариуцлагатай дадал зуршлыг хэвшүүлэх, илүү үр ашигтай төхөөрөмж хэрэгсэл ашиглах замаар эрчим хүчний хэрэглээгээ багасгах явдал юм. (Шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү https://www.ccacoalition.org/en/content/short-lived-climate-pollutant-solutions).
- Уриалга: Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал. Тоо мэдээлэл, судалгаа шинжилгээ, сайн туршлагыг цуглуулж харилцан солилцоход чиглэсэн шат шатны болон салбар хоорондын нэгдсэн арга барилыг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн бид агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд нэгэн зэрэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буй агаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) Бид яг одооноос хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх