А.Дөлгөөн: Би ганцаараа ажил хийдэг ч зорилтод бүлэгт орж чадаагүй
Энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Гэвч зорилтод бүлгийн 91 хувьд хүүхдийн мөнгө очих боломжгүй боллоо гэх асуудал гарч олон өрх хохирсон талаар иргэд мэдээлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороонд шаардлага хүргүүллээ.
Иргэн А.Дөлгөөн "Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг өөрөө судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Гэсэн хэр нь 91 хувьд орж чадаагүй.
Өөрийнхөө фэйсбүүк хуудсаар асуудлаа бичихэд надтай 1.000 гаруй өрх нэг асуудлаар холбогдсон юм. Би тэдний бүх асуудлыг уншихад жинхэнэ зорилтот бүлэг нь тэнд байсан.
- Зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна.
- Хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусгах хэрэгтэй.
- ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ? гэх шаардлагыг бид тавьсан.
Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан. Гэтэл тэдний ажлаа хийгээгүйгээс болж ээжүүд нэг өдрийн цалингаараа хохирч мэдээллээ засуулсан.
Олсон орлогоосоо чин үнэнчээр татвар, даатгалаа төлсөн нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, жижиг дунд бизнес эрхлэн бага татвар төлдөг нэгнийх нь хүүхэд мөнгөө авч байна.
Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн олсон орлогоос татвар, даатгал, зам ашигласны татвар, НӨАТ, зээл гэх мэт зүйлийг хасаад бодох ёстой. Гэтэл эдгээр зардлыг тооцоолоогүй нь бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байна" гэв.
Мөн өрх толгойлсон өөр нэгэн ээж энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Түүний хувьд бүртгэлийн ямар нэг зөрүү гараагүй ч 10 жилийн сурагч хүүхэд нь хүүхдийн мөнгө авах боломжгүй болсон аж. Тодруулбал, иргэн Наранцацрал "Би сувилагчийн ажил хийдэг. Миний жилийн орлого 30-40 сая төгрөг, арван сая төгрөгийн татварын төлөх боломжтой гээд гараад ирсэн. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Том охин маань 2022 онд их сургуулиа төгсөөд тусдаа гарч ажил хийж байгаа. Дараагийн хүү маань оюутан, бага охин маань зургаан настай.
Тэгээд бага хүүхэд маань хүүхдийн мөнгө авах боломжгүй гэсэн байна гээд хорооны халамж дээр очсон чинь нийгмийн даатгал дээр очиж уулз гэсэн. Харин нийгмийн даатгалаас намайг цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн хуулбараа хорооны нийгмийн ажилтандаа өгч зөрүүгээ арилга гэсэн. Материалаа бүрдүүлээд Чингэлтэй дүүргийн халамжийн хэлтэс дээр очсон боловч хүлээж аваагүй. ТЭжээгчээ алдсаны тэтгэмжээ авах л юм байна шүү дээ гээд хүлээж аваагүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нөхөр маань бурхан болохоосоо өмнө төлдөг байсан НД-аас өгч байгаа зүйл шүү дээ.
Энэ хүүхдийн мөнгө очих ёстой хүндээ очихгүй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд хоёулаа ажиллаад зүтгэхэд ч хэцүү байна шүү дээ. Гэтэл би өрх толгойлсон хэр нь хүүхдүүдээ мэдлэг боловсролтой болгох гэж зүтгэснийхээ төлөө 91 хувьд багтаж чадаагүй дээ гомдолтой байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх