Авлигатай тэмцэхэд иргэдийн дэмжлэг чухал
Эрх мэдлээ урвуулан ашигласан албан тушаалтнуудыг ээлж дараалан хоморголон шалгаж байна. Авлигын сүлжээ болсон нүүрсний хулгайн хэргийг өнгөрсөн онд дэлбэлж, авлигын тор эхнээсээ задарлаа. Араас нь төмөр замын өндөр албан тушаалтнууд баривчлагдав. Хөгжлийн банкны хэвийн бус зээлийн ард өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзошгүйг нээлттэй сонсголоор олон нийт сонслоо. Авлигал хээл хахуулын сүлжээ, хамсаатан болох улс төрийн бүлэглэлийг Авлигатай тэмцэх газар зоримог задалж, нэр бүхий өндөр албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн. Мэдээж Засгийн газраас авч буй арга хэмжээ, хүний өөрийн намын хүн гэж ялгалгүй авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхээ зарласантай холбоотойгоор галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Үе үеийн Засгийн газрын үед авлигатай тэмцэх тухай ярьдаг ч хэрэг хаа нэгтээ замхардаг байлаа. Албан тушаалд очоод нүдэн дээр баяжиж, хөлжөөд байгааг бүгд мэддэг хэрнээ “Идэж уугаад байна, албан тушаалаа ашиглаж мөнгө хийгээд байна” гэж хий дэмий л ярихаас хэтэрдэггүй байсан юм. Энэ удаа тэгсэнгүй.
Өнгөрсөн 2022 онд АТГ авлигын 5 их наяд төгрөгийг илрүүлж, улсад учруулсан нөхөн төлүүлж чадсан нь урьд өмнө байгаагүй үр дүн бүхий тоо юм. Авлигатай тэмцэх газраас 2017 онд улсад 3.4 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн бол 2018 онд 19.6 тэрбум, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлж байжээ. Тэгтэл 2022 онд 5 их наяд төгрөгийн хохирлыг АТГ илрүүлсэн гэхээр авлигатай тэмцэх ажиллагаа ахицтай явааг илтгэж байна.
Тухайлбал, Хөгжлийн банкны 861 тэрбум, Хөтөл цемент шохойн үйлдвэр 235 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 721 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 647 тэрбум, бусад 502 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Түүнчлэн гадаад улс орнуудад мөнгө угаах хэлбэрээр үл хөдлөх хөрөнгө авсныг илрүүлсэн. АТГ-ын шалгаж тогтоосноор 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авахаар болсон.
Энэ 2023 онд АТГ энэ эрчээрээ хэнийг ч алагчлалгүй хариуцлагыг хатуу тооцож ажиллах хэрэгтэй байна. Өнөөгийн нийгмийн тэгш бус байдалд хүргэж буй авлига, мөнгө угаах, хууль бус үйлдлүүд дахин гарах байдал хумигдах нь тодорхой юм. Авлигыг таслан зогсоох хүсэл эрмэлзэл дор хуулийн байгууллага ингэж ажиллаж байж авлигатай тэмцэж чадна. Наад өнгөн дээрээ авлигатай тэмцэнэ гэж ярьчихаад цаанаа түүнийхээ эсрэг зүйл хийдэг байдлыг халж байж авлигатай тэмцэнэ, авлигачдыг ил болгоно.
Ямартаа ч энэ Засгийн газар, АТГ эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой авлигын хэргийг илчилж, улмаар хариуцлага тооцож их наяд, тэрбумаар нь улсад буцаан олж авлаа.
Хууль хүчний байгууллагыг улс төрийн дарамт, нөлөөнд автдаг гэх хардлага, шүүмжлэл гардаг. Тэгвэл АТГ нэр бүхий өндөр албан тушаалтан, цагаан захтнуудын авлигын хэргийг шалгах болсон нь өмнөх он жилүүдээс илүү онцлохоор харагдаж байна. Үнэндээ сүүлийн жилүүдэд багш, эмч төрийн албан хаагчидтай холбогдсон чихэр, набор, хандивын мөнгөтэй холбоотой аар саархан асуудлыг шийдэж, үүнийгээ авлигатай тэмцэж байна гэж шаагидаг байлаа. 2022 онд төрийн өндөр албан тушаалтнуудыг хамгийн их олноор нь шалгасан гэдгээр нь баяр хүргүүштэй байна. Учир нь улсаараа мэдээд байгаа хэрнээ хуулийн байгууллага нь илрүүлэхгүй болохоор амаа таглуулаад л өнгөрдөг байсан юм. Мэдээж санаанд оромгүй өндөр дүнтэй авлигын хэргүүдийг сонсоод олон нийт цочирдон хүлээж авч байна. Авлига гэдэг бол энгийнээр хэлэхэд бидний үр хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй сугалаанд найдан суух, аз нь таараагүй нь цэцэрлэгт явж чаддаггүй. Хүүхдийн чинь цэцэрлэгт явах боломжийг тансаг хаустай болох гэж хулгайлахыг хэлээд байгаа юм. Монголд тохиолдоод байгаа олон олон асуудлыг шийдэх байсан тэр боломжийг хулгайлагчийг авлигач гээд байгаа юм.
Авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн зохицуулалт болоод илэрсэн хэрэгт хариуцлага тооцохын зэрэгцээгээр цаашид авлигын гэмт хэргийг яаж гаргахгүй байх вэ гэдэг нь чухал.
Хууль хүчний байгууллагын албан хаагчдын хийж буй ажлыг олон нийт нь илүү их дэмждэг, итгэл хүлээлгэдэг, хамгаалдаг байвал авлигатай тэмцэх ажил амжилттай явдаг гэсэн судалгаа байдаг. Авлигатай тэмцэх ажлын хүчийг сулруулах, хууль журмыг хэрэгжүүлэхгүй байх, хариуцлагаас мултрахын тулд хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг сулруулах сонирхол бүхий хэсэг цаг үргэлжид байдаг учраас олон нийтийн дэмжлэг хүчтэй байх тусмаа тухайн авлигатай сайн тэмцэж чаддаг.
Мөнгө мөрөө үлдээдэг гэдгийг АТГ-ын илрүүлж буй хэргүүдээс харж болохоор байна. Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож улмаар хээл хахуулын мөнгөө угаах, банк бус санхүүгийн байгууллага руу хийх, үл хөдлөх хөрөнгө болгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт гэмт хэргийн ул мөрөөр АТГ орж илрүүлэн хууль бус мөнгийг буцаан улсад авсаар байна. Гэмт үйлдэл хийсэн хэнбугайд ч Төр төмөр нүүрээ харуулж чаддаг, хариуцлага үүрүүлэх болно гэдгийг сүүлийн үеийн дуулиан тарьсан хэргүүдээс харж болохоор байна. Цаашид авлигыг бууруулахын тулд мэдээллийг нээлттэй ил тод байлгах, шилэн данстай байх, иргэд олон нийт илүү их оролцоотой, хяналт тавьдаг байх хэрэгтэй юм. Тиймээс хэн болгон сэтгэлгээнээсээ эхлэе. Амар хялбараар мөнгөтэй болж болох юм байна гэсэн буруу үзлийг улам өөгшүүлэх аваас залуус хойч үедээ буруу үлгэр дууриалал болох төдийгүй нийгмийн тэгш бус байдал улам нэмэгдсээр байх болно. Тиймээс авлигатай тэмцэхэд ард түмний дэмжлэг өөрөө маш чухал юм.
Сэтгэгдэл үлдээх