Цэс Close

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар нар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулъя

Нүүрсний хэрэгт УИХ-ын хэд, хэдэн гишүүн шалгагдаж эхлээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан нарын есөн гишүүн "нүүрсний хэрэг"-ээр хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Тэгвэл нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзахдаа хууль хяналтынханд шалгуулахаа илэрхийлсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр Архангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон удаатай. Харин энэ сарын 6-ны өдөр Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингэснээр энэ удаагийн парламент дахь УИХ-ын гишүүнээс татгалзаж буй хоёр дахь хүн болов. ХНХ-ын сайд Т.Аюурсайханг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин А.Адъяасүрэн гишүүний хувьд дээрх гишүүдээс аль эрт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Харин бусад гишүүдийн хувьд хоёроос гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий. Мөн дээрх есөн гишүүний дөрвийнх нь буюу Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокуророос ойрын хугацаанд оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх ч мэдээлэл байна. Ямартаа ч УИХ-ын гишүүд хариуцлага хүлээж бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах гэж байгаа нь зөв жишгийг тогтоож байна хэмээн олон нийт үзэж байна. Харин бусад гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахыг харах үлдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах