Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх айлчлалын үеэр яригдах асуудлууд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд тус улсад айлчилна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.
Айлчлалын хөтөлбөрөөс:
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
- БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана.
- Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана.
Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх