Зах, худалдааны төвөөр бэлэн мөнгөтэй явахдаа сэрэмжтэй байхыг анхааруулав
Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд 13 настай хүүхдийн гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй 33 настай иргэн хулгайлан авч явсан хэргийг илрүүлэв.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр иргэн гар утсаа алдсан дуудлагын дагуу шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй 3 этгээд бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлэн баривчилсан. Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл үлдээх