Цэс Close

"ЭМД-аар олгодог эмийн хөнгөлөлтийн хувийг бууруулсан нь иргэдийн халааснаас гарах зардлыг нэмсэн" гэв

“2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос эмийн үнэтэй холбоотой мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд дунджаар 40 хувиар өссөн" судалгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ танилцуулав.

Тэрбээр "Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хил, гааль хаалттай, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн, валютын ханш зэрэг олон зүйлсээс шалтгаалсан нь ойлгомжтой. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа уул уурхай болон боомтын сэргэлтийн бодлогын үр дүн эхнээсээ гарч, ковидын аюул холдож ногоон түвшинд шилжсэн, хил, гааль хэвийн болж ачаа тээврийн үнэ буурч байгаа зэргээс улс орны эдийн засагт бага ч бол эерэг хандлагууд мэдрэгдэж, инфляц буурч эхэлсэн хэдий ч өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа эмийн үнэ буурахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Сүүлийн 30 жилийн турш манай улс эм хангамжийн салбараа бүхэлд нь  хувийн хэвшлийн нуруун дээр орхиж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, бодлого гэх зүйлгүй явж ирсэн.

Эм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Төрөөс гурил, улаан буудай, шатах тослох материал зэрэг зарим нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд онцгой анхаарч санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэрнээ эмийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, чанар дээр бодлого, дэмжлэг байхгүй байгаад анхаарах цаг болсон. Засгийн газар дээр ч энэ тухай нэг биш удаа ярьж байгаа.

Тиймээс Монгол Улсын эмийн импортын 85 хувийг хангадаг, салбартаа тэргүүлэгч топ компаниудыг урьж эмийн үнийг бууруулах, тогтворжуулах боломж, эмийн чанартай холбоотой ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэгт санал солилцохыг хүссэн юм” гэв.

Эмийн салбарынхны санал:

Манай улсад эмийн импортын тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага бий ч 2021 онд эм ханган нийлүүлэх 85 байгууллага нийт 489.7 тэрбум төгрөгийн, 2022 онд  131 байгууллага 722.8 тэрбум төгрөгийн эмийн импорт хийсэн.

Нийт импортын 80-85 хувийг “Монос фарм трейд”, “Ази фарм”,  Монгол Эм импэкс концерн, “Энто”,  “Палома”, “Монфа трейд”, “ВэллБий”,  “Омбол”,  “Цомбо”,  “Дакалфарм”  гэсэн арван компани хийдэг.

Монгол Улсын эмийн бүртгэлд 4,206 нэрийн эм бүртгэлтэй байдаг бөгөөд нийт бүртгэлтэй эмийн 30 хувь буюу 1,273 нэрийн эмийг дээрх арван компани  бүртгүүлсэн байдаг.

Иргэдийн дунд эмийн үнэ өндөр, чанар хангалтгүй байгаатай холбоотой гомдол их байгаад эм ханган нийлүүлэх байгууллагууд анхаарч Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм Холбоо”-той хамтран үнийн өсөлтийн судалгааг хийсэн байна.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад тендерээр худалдан авсан эмийн үнэ 2019-2020 онд 17.8 хувиар, 2020-2021 онд 14.3 хувиар тус тус  нэмэгдсэн.

Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2020-2022 онд зайлшгүй шаардлагатай эмийн 94 хувийнх нь үнэ 50 хүртэлх хувиар өссөн, үлдэх 6.0 хувьд 50-аас дээш хувиар үнэ нэмэгдсэн байна.

Тэдний хэлж буйгаар эмийн үнийн өсөхөд валютын ханш, тээврийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг олон зүйл нөлөөлж байна. Импортын эмийн худалдан авалтын 90 хувийг ам.доллароор хийдэг бөгөөд өнгөрсөн онд манайд ам.долларын ханш 21 хувиар чангарсан нь эмийн үнэд шууд нөлөөлсөн гэж байв.

Мөн ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хөнгөлөлтийн хувийг бууруулсан нь иргэдийн халааснаас гарах зардлыг нэмсэн бөгөөд үүнийг олон нийт эмийн үнэ өссөн хэмээн ойлгож байгаа тал бий гэж байлаа.

Эм ханган нийлүүлэх байгууллагынхан үнэ бууруулахын тулд компаниудад бага хүүтэй зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах хэлцлийг Монголбанктай хийх, НӨАТ-ыг бууруулах зэрэг тодорхой саналуудыг тавьж байсны дотор ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт болон, хувь хэмжээг тогтвортой байлгах нь зөв гэв.

Эмийн чанарын хувьд чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартын дагуу хийх боломжийг бүрдүүлж, хяналт тавихаас гадна эрүүл мэндийн байгууллагууд дахь эмийн эмчилгээ зохицуулах хорооны үүрэг оролцоог сайжруулах, бүртгэлгүй эмийг гар дээрээс буюу олон нийтийн сүлжээгээр худалдан борлуулдаг урсгалд хяналт тавих, хил, гаалийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлуудыг ЭМЯ-нд тавилаа.

 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах