Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг маргааш буюу 5 дугаар сарын 31-нд эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох санал иргэдийн дэмжлэгийг авалгүй, унасан. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд дахин зөвшилцөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон бууруулсан юм. Гишүүдийн тоог 126 болгож, 60:40 байх дээр УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтийн саналыг сонсож, үзэл бодлыг нь тусгах зарчим баримталж байгаа. Тиймээс иргэдийн саналд тулгуурлаж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ мажоритар тогтолцоо буюу тойргийн төлөөллийг давуу байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэсэн. Намуудын төлөөлөл УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжлээ. Ингэхдээ мажоритар буюу тойргоос сонгогдох гишүүдийн тоо 76, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр 50 гишүүнийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. 76 гишүүн тойргоос, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг болохоор талууд ойлголцлын цэг дээр хүрч байна.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд
Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэж тооцоолсон. Учир нь, 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, мөн 76 болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байсан. Тиймээс 126 болгон хэлэлцэж байна. 126-гаас буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тооны асуудал сөхөгдвөл ХҮН хүлээж авахгүй.
Улс төр судлаач Д.Бумдарь
152 болоход ямар үр дүн гарах, нөлөөлөл нь юу бэ гэдгийг гишүүд тойргийнхоо иргэдэд төдийлөн ойлгуулж чадсангүй. Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй. “Иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр хувилбараар хувааж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
Ард иргэд “Амьдрал хүнд байна. Үүний буруутан нь энэ 76. Тэд өөрсдөө янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон байна” гээд ярьж байна. Би өмнөх 30 жилийн 76-гийн үүх түүхийг сайн мэдэхгүй. Харин энэ парламент улс орны боломжийг хулгайлдаг хүмүүсийн үйлдлийг анх удаа хаасан гэж бодож байна. Энэ бол Эрүүгийн хуулийн өөрчлөлт. ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн гурван жилийн хорих ял аваад нэг аймгийн хориход 1.5 жил худгийн манаач, эсвэл номын санч хийгээд л гараад ирж байгаа. Харин одоо бол 12-20 жилийн ялтай болсон. Үүнийг ард иргэдэд ойлгуулмаар байна. Ойлгуулаагүйгээс болоод хулгайчийн тоог нэмж байгаа мэт ойлгоод байх юм. Хэрэв итгэл алдаад хулгай хийвэл өмнөх 76 шиг хариуцлага тооцохгүй хариуцлага нь чангарсан гэдгийг иргэддээ танилцуулах хэрэгтэй. Ингэхгүй бол УИХ-ын гишүүн гэхээр л баруун солгойгүй хулгай хийдэг, тийм боломжтой байдаг юм шиг ойлгоод байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд томоохон өөрчлөлт оруулж байгаа. Энэ өөрчлөлтөөр УИХ-д нөлөө бүхий этгээд УИХын гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нээлттэй тендерт ч орохыг хориглож байгаа. Таван хувийн хувьцаа эзэмшдэг компанид нь хөнгөлөлттэй зээл олгохыг хязгаарлана. Дээрээс нь өөрийнх нь хамаарал бүхий этгээдүүд удирдах албан тушаалд томилогдох, сонгогдох, төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт орж ирж байгаа. Нэмээд төрсөн болон дагавар хүүхэд нь төрийн сангийн зээлээр сурахыг хориглож байгаа. Ингэснээр УИХ-д нэр дэвших хүмүүс гэр бүл, ах дүү, хамаатан садан, бизнесийнхээ хамтрагчидтай ярилцаж байж шийдвэрээ гаргах шаардлагатай болж байгаа юм. Мөн 2022 оны төгсгөлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэргийг 20 жилийн ялтай болгосон. Хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх ялтай дүйцүүлж нэмсэн.Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь “хулгайч” нарын тоо нэмэгдэж байна гэсэн үг биш. УИХын гишүүн нэг л хазгай гишгэвэл 20 жил торны цаана суухаар хуулийг нь чангаруулсан. Энэ бол өнгөрсөн оны төгсгөлд болсон жагсаалын үр дүн.
Сэтгэгдэл үлдээх