Цэс Close

БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн албан тушаалтан гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснийг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байгаа аж.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  1. Хилийн цэргийн ...-р ангийн удирдах албан тушаалтан “Б”, “Ч” нар бусдаас хахууль авсан гэх;
  2. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх;
  3. Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан тушаалтан “Э” нь гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх;
  4. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  5. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэх;
  6. Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан “Э” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон
  7. “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  8. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа ашиглаж нийт 36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Тус хэлтэс энэ оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

 

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах