Цэс Close

Тойрогтоо хамгийн сайн ажилласан улстөрчөөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг нэрлэжээ

УИХ-ын гишүүд ажлаа хэр сайн хийсэн бэ, тойрогтоо хэр ажиллаж байна вэ? гэдгийг дүгнэх судалгааг сонгогчдын дунд явуулжээ. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойшхи гурван жилийн хугацаан дахь УИХ-ын гишүүдийн ажлыг дүгнэж буй уг судалгааг Vip76 байгууллагаас улс орон даяар явуулсан байна. Тус байгууллагын гаргасан судалгааны гол онцлог нь улстөрчийг олон нийтэд харагдах өнгөц байдлаар нь дүгнэх бус харин тухайн тойрогт УИХ-ын гишүүний хувьд хэр сайн ажиллаж байгаа эсэхийг тодруулах, сонгогч олны шударга шүүлтүүрээр оруулсан нь ач холбогдол өндөртэй судалгаа болжээ. Судалгааг сонгуулийн тойрог буюу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдээс түүврийн аргаар хийжээ. Үүнээс орон нутгаас сонгогдсон гишүүд дийлэнх буюу 90% -ийг эзэлж байна.

Ингэхдээ УИХ-ын гишүүдэд тойргийн иргэдийн өгсөн үнэлгээг харьцуулан хамгийн өндөр рейтингтэй байгаа буюу тойрогтоо хамгийн сайн ажилласан эхний 20 УИХ-ын гишүүнийг онооны дэс дарааллаар харуулсан байна.

Энэхүү судалгаагаар одоогийн УИХ-ын 76 гишүүнээс дараах гишүүд сонгогдсон тойрогтоо сайн ажиллаж, иргэдээс үнэлгээ авч хамгийн өндөр рейтингтэй эхний 20-д эрэмбэлэгджээ.

Судалгаагаар “Танай тойргоос УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн хийж, хэрэгжүүлж байгаа ажилд та хэр сэтгэл хангалуун байна вэ?” гэсэн асуултад хөдөө, орон нутагт амьдарч байгаа судалгаанд оролцсон иргэдийн 45% нь "Сайн" гэж хариулсан бол нийслэл хотод амьдарч байгаа судалгаанд оролцогчдын 54% нь "Муу" гэж үнэлжээ. УИХ-ын 76 гишүүний ажлыг дүгнэх уг судалгаагаар Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүлж, тойрогтоо хамгийн сайн ажиллаж буй улстөрчөөр тодорчээ. Удаах улстөрчөөр Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үүний дараагаар Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэх мэтээр тойрогтоо сайн ажиллаж байгаа гишүүдийг сонгогчид нь нэрлэсэн байх юм.

Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал эхний 20 дотор жагссан байгаа бөгөөд тус аймагт Ардчилсан намаас өрсөлдөж сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнийг тойрогтоо хамгийн сайн ажиллаж байна гэж дүгнэсэн нь анхаарал татна. Олонх болсон эрх баригч МАН-аас илүү сайн ажиллаж байгаа гишүүнээр Сүхбаатар аймгаас сонгогдсон АН-ын хоёр улстөрчийг сонгогчид нэрлэж, тэд хамтдаа нэр хоршин судалгааг тэргүүлжээ.

УИХ-ын гишүүдээс хамгийн сайн ажиллаж байгаа гэж санал асуулгыг тэргүүлсэн Ж.Батсуурь гишүүний хувьд өмнө нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хамгийн сайн Засаг даргаар нэрлэгдэж, аймагтаа бүтээн байгуулалтыг сайн хийсэн гэж үнэлэгдэж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар нь УИХ-ын 2020 оны сонгуулиас хойшхи өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сүхбаатар аймагт томоохон бүтээн байгуулалтыг хийж иржээ. Тухайлбал, аймгийн төлөвлөлтийг шинэчлэн батлуулж, бүтээн байгуулалтаар тэргүүлэн Сүхбаатар аймгийг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэхийн төлөө хамтдаа гар нэгтэйгээр ажиллах болсон.

Төлөөллийн ардчиллын зарчмаар иргэд, сонгогчдодоо төлөөлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлсэн гэдэг нь тэдний УИХ-д хууль санаачлан батлуулсан, эрх баригчдыг шүүмжлэн, сөрөг хүчний хувиар хүчтэй дуу хоолойгоо хүргэдгээс нь харагддаг.

Өнөөгийн УИХ-ын 76 гишүүнийг хийж буй ажлаар нь үнэлэлт дүгнэлт өгсөн уг судалгаагаар УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гишүүн сайн ажиллаж байгаа гишүүнээр мөн нэрлэгдсэн. Түүний хувьд Монгол Улсын боловсролын салбарт хийж буй шинэчлэлт, тойрогтоо ажиллаж байгаа байдлаар нь сонгогчид үнэлгээ өгсөн бололтой. УИХ-ын гишүүн Шадар сайд С.Амарсайхан рейтинг өндөртэй эхний 20 улстөрчийн жагсаалтад багтсан байгаа бөгөөд Шадар сайдын хувиар хариуцсан агентлаг, газруудын үйл ажиллагааг сайжруулж, улсад стандарт ямар чухал болох түүнийг хэвшүүлэх, онцгой байдлын үеийн нөхцөл байдлыг сайтар ханган ажиллаж байгаа зэргээр нь иргэд сайн дүн тавьж байна.

Ийнхүү УИХ-ын 76 гишүүнийг ажлыг дүгнэсэн судалгаанаас үзэхэд орон нутгийн иргэд ажлын байр хомс, бэлчээр, цаг уурын өөрчлөлт, байгалийн давагдашгүй аюул, боловсролын хүртээмж, малчдын амьжиргаа, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлтэй холбоотой асуудлуудыг гол хүндрэлтэй гэж нэрлэж байгаа бол Нийслэлийн иргэдийн хувьд дэд бүтэц, нийтийн тээвэр, түгжрэл, агаарын бохирдол, шударга ёс, иргэдийн амьжиргаа, үнийн хөөрөгдөл зэргийг тулгамдаж буй асуудал гэж онцолж байна. Сонгууль болохоор л сонгогдохын төлөө элдэв амлалт, мөрийн хөтөлбөрөөр “хуурсан” улстөрчдийг сонгогдсон хойноо хэрхэн ажиллаж буй бодит үнэлгээг энэхүү судалгаагаар гаргасан нь УИХ-ын гишүүдээс үүрэг, хариуцлагыг нэхэх, дүн тавих том боломж юм.

Б.ОДМАА

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах