ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсож байна. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож буй юм. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна.
“Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар Ерөнхий сайд танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.
“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан: Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.
Сэтгэгдэл үлдээх