ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн, Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэгдэл үлдээх