БНТУ-ын Шүүхийн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.
БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр БНТУ-ын шүүхийн тогтолцоо, дээд шүүхийн бүрэлдэхүүний талаар шүүгч Мустафа Салдирим дэлгэрэнгүй танилцуулж, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгчид мөн БНТУ-ын Шүүхийн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир, Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, шүүгчдийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын дараа Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг БНТУ-ын Шүүхийн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр улсын шүүхийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь энэ үеэр илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийг 2003 онд байгуулсан бөгөөд шүүгч, прокурор, шүүгч, прокурорт нэр дэвшигч, хуульч, өмгөөлөгчдөд зориулсан бүх төрлийн сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг. Тус академи гадаадын 72 улсын шүүхийн хүрээлэнтэй хамтран ажилладаг аж.
Сэтгэгдэл үлдээх