Цэс Close

Өсвөр насны хууль зөрчсөн хүүхдийн нийгэмшихүйг дэмжих үйлчилгээний талаар хэлэлцлээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд ИНБ-уудын чадавхыг бэхжүүлэх өсвөр насны хууль зөрчсөн хүүхдийн нийгэмшихүйг дэмжих үйлчилгээний арга зүйн хэлэлцүүлгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг нээж ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н. Өлзийхутаг, ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент нар үг хэлж, ОУЭЗХБ-ын Төслийн зохицуулагч Б. Баясгалан төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэсэн бол төслийн зөвлөх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны (ХЭХЗХ) ментор Х. Баавгай, Б. Жавзанхүү болон төслийн зөвлөх Ц. Алтанзул нар өсвөр насны хүүхдийн хөгжил, нийгэмшихүйн хэрэгцээ, эрх зүйн зохицуулалт, нийгэмшихүйг дэмжих үйлчилгээний арга зүй болон сайн загвар туршлагын талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлж, оролцогч талуудтай санал солилцлоо.
Тус төслийн нэгдүгээр шатанд Ковид-19 цар тахлын ХЭХЗХ-ны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийг үнэлсэн судалгаагаар ХЭХЗХ-ны 7 үндсэн чиглэлийн нэг болох Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан, зан үйлийн сургалтад хамрагдсан хүүхдэд нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх талбарыг сайжруулах хэрэгцээ шаардлага байсан. Иймд төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтээр өсвөр насны хууль зөрчсөн хүүхэдтэй ажиллах нийгэмшихүйг дэмжих үйлчилгээний арга зүйг боловсруулан турших, ИНБ-уудыг сургах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны Ажлын алба, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох байгууллагатай хамтран ХЭХЗХ-ны Ажлын албаны чадавхыг бэхжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах, кэйс менежментийг сайжруулах зөвлөн туслах менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний арга зүй боловсруулж турших, цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах