Ч.Очирбат: Луу жил нялхаст ээлтэй, настай хүмүүст ширүүн, залууст машид ширүүн байх шинж гарсан
XXVI жарны уламжлалт Цагаан сарын баярын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож байгаа билээ. “Хилэнт эх” хэмээх модон луу жил гарч байгаатай холбогдуулан жилийн ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбатаас тодрууллаа.
- Энэ жил битүүний өдөр байхгүй гэх мэдээлэл байна. Битүүн байхгүй гэдгийг та тайлбарлаад өгөхгүй юу?
Төгс буянт шинэ зурхайн ёсоор сарны тооллоор тооцоход нэг өдөр нэмэгдэж, тасардаг. Сарны тооцооллоор тооцоход энэ жилийн тасрах өдөр битүүнд таарч байна. Ингэснээр битүүн алга болчих юм шиг санаад байх шиг байна.
Билгийн тоолол, сарны тооллоор үзэхэд зарим өдөр нэг хоногоор тасардаг бол заримдаа нэг хоног нэмэгддэг. Хэрэв өдөр тасарвал урд талын өдрийг нь барина, өдөр нэмэгдвэл сүүлийн өдрийг дагана гэж зурхайн номонд тэмдэглэсэн байдаг.
Битүүний өдөр тасраад алга болохгүй. 365 хоног болдгоороо болж, тухайн жил дуусдаг жамаараа дуусна. Цааш бүх зүйл хэвийн үргэлжилнэ. Монголчууд бидний цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 9-нд тохионо.
- “Хилэнт эх” хэмээх ёгт нэр ямар учиртай вэ?
-Хилэн эх хэмээх ёгт нэр нь гарч буй жилд мэсний аюул гарч болзошгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тодруулбал, энэ нь болзошгүй аюул ослоос сэргийлэх, нөгөө талаар иргэд, малчид мал хуйдаа зориулж өвс ургамлаа сайн базаах, жилийн ном заслаа анхаарч хийлгэх хэрэгтэй гэсэн далд утга илэрхийлнэ.
- Луу жилийн шороон үхрийн зурлагаар ямар төлөв ажиглагдсан бэ?
-Шороон үхрийн зурлагаар энэ жил улс орон амгалан тайван, өвс ургамал дэлгэрсэн сайхан жил болно. Хаврын гурван сар болон улирлуудын эхээр салхи ихтэй байх ч өндөрлөг газар, голын эх, ай сав хөндийгөөр өвс ургамал элбэг тариалан сайн байна. Онцлох зүйл гэвэл энэ жил малчдын хувьд ээлтэй малд сайн жил гарч байгаа. Учир нь ноднин жилийн шороон үхрийн зурлагаар малд хатуу жил гэж бууж байсан. Энэ жилийн шороон үхрийн зурлагаар эрэгтэй хүн яарч явж буй дүрслэлтэй зураг гарсан нь залуу хүмүүст маш сайн ажил үйлс дэлгэрсэн жил байна хэмээн ажиглагдаж байна. Мөн хүүхэд нялхаст ээлтэй настанд ширүүн гэж гарсан.
Үхэрний хувьд эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн зураг гарч байна. Шороон үхрийн биеийн өнгөөр нь тариалан, хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг. Харин үхэр хариулаачийн хувьд нэг гутлаа өмссөн, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр бариад яаран гүйж яваа хүүхдийн зураг байна.
Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст ширүүн, залууст машид ширүүн байх шинж гарч байгаа.Мөн энэ жил эрэгтэйчүүд их яаруу байна. Үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван, ажил үйлс нь бүтэмжтэй байна.
Эрүүл мэндийг ерөнхийд нь шинжвэл хурмал өвчин дэлгэрэх бөгөөд мэснээс болгоомжлох хэрэгтэй.
- Энэ жил анхаарвал зохилтой ямар жилтнүүд байна вэ?
Энэ жилийн харш жил бол нохой жил. Тиймээс харш жилийн заслаа хийлгэх шаарлагатай. Мөн энэ жилийн цагаан жилийн засал хийлгэх хүмүүс бол могой жилтнүүд. Могой жилтнүүд жил нь орсноор сэтгэл санааны хямралд өртөх, бие тавгүйтэх, муу бодол орж ирэх шинжтэй тул онцгой анхаарах хэрэгтэй. Мөн 13, 25, 37, 49, 61, 73, 88, 97 настай луу жилтэй хүмүүс жил орсны засал хийлгэхээс гадна ивээл жилийн засал хийлгэвэл зохилтой.
Сэтгэгдэл үлдээх