С.Амарсайхан: Олон улсын ISO стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо
“Стандарт ба Хөгжил” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх, стандартыг бүх шатанд мөрдүүлж хэвшүүлэх, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS болон ISO зэрэг олон улсын стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй харах боломжийг бүрдүүллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар Үндэсний болгон нутагшуулж баталсан Олон Улсын стандартын баримт бичгүүдийг иргэд олон нийт, ААН-үүдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, стандартын ач холбогдлыг сурталчлан таниулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтээр нээлттэй харах боломжийг үе шаттай бий болгон ажиллахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болгов.
Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийнхантай цахимаар хуралдаж, стандартуудыг бүрэн эхээр нь харж танилцах боломжийг бүрдүүлэхэд шуурхай хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
Сэтгэгдэл үлдээх