Цэс Close

ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.09) хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар ажилласан байна. Хуулийн дээрх төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуралдаанд танилцуулсан юм.

Тус ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 8 удаа, ажлын хэсэг 2 удаа хуралдсан болохыг тэрбээр танилцуулаад хуулийн төсөл дэх сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахтай холбоотой; баривчлах, цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар; цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар болон бусад өөрчлөлтийг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналуудыг бэлтгэсэн гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцууллаа.

Энэ зүйл 12 хэсэгтэй байх бөгөөд нэг дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох 3 үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан; хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.

Харин 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дээр заасан 3 үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй; Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй; эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн даруй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болохоор өөрчлөн найруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын хэсгээс бэлтгэжээ. Ийнхүү сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг нарийвчлан тодорхойлсноор практикт баривчлах үндэслэлийг субъектив хандлагаас хамаарч харилцан адилгүй хэрэглэж байгаа асуудлыг нэг мөр зохицуулах ач холбогдолтой болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдав. Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан өөрчлөлтийг оруулсан хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.

Ийнхүү хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг шүүхэд хүргүүлснээр баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг сайжруулж, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх чухал механизм болно гэж үзсэн болохоо тэрбээр тодотгов.

НҮБ-ийн Дур зоргоор саатуулах асуудал эрхэлсэн хорооны гаргасан урьдчилсан дүгнэлтэд “сэжигтэн, яллагдагч мэдүүлэг авах ажиллагаанаас гарах эрхгүй буюу мөрдөгчийн хяналтад орсон цаг мөчөөс эхлэн саатуулагдсан гэж үзнэ” гэж хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг тусгажээ. Олон улсын сайн туршлагаас харахад баривчилсан сэжигтнийг шүүхэд хүргэх хугацааг нарийвчлан зааснаас гадна уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээлгэдэг, мөн хугацааг тодорхой заагаагүй боловч даруй, шаардлагагүй хугацаа алдахгүйгээр хамгийн ойр байгаа шүүхэд, эсхүл захиргааны ажилтанд хүлээлгэж өгөхөөр хуульчилсан нь хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна.

Үргэлжлүүлэн тэрбээр баривчлах, цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаарх ажлын хэсгийн саналыг танилцууллаа. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тухайлан хуульчлаагүй бөгөөд практикт гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүхээр, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын буюу хэргийн харьяаллаар, эсхүл тагнуул, авлигатай тэмцэх газрын харьяаллын хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар баривчлах, цагдан хорих асуудлыг шүүх хянан шийдвэрлэдэг байна.

Эдгээр нөхцөл байдал нь зарим тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг зарчимд нийцэхгүйгээс гадна сэжигтнийг баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох шүүхийн харьяаллыг шүүхийн практик өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэх, оролцогч шүүхийн харьяалалтай холбогдуулан шүүгч, шүүхээс татгалзан гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэхээр өөрчлөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Ийнхүү сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нарийвчлан тогтоосноор сэжигтэн, яллагдагчийн шүүхэд хандах эрхийг хамгийн богино хугацаанд, шуурхай хангах боломж бүрдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг мөн бэлтгэжээ. Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.

Шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, харьяалах шүүхэд шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах тохиолдол бүрд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг давхар шийдвэрлэх шаардлага үүсдэг. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох зохицуулалтыг тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар сэжигтэн гэм буруугаа хүлээхээсээ өмнө өмгөөлөгч авах эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд баривчлах ажиллагаа явуулж буй албан тушаалтнууд баривчлагдсан этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бүрэн эрх буюу “Миранда эрх”-ийг мэдэгдэх хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэж өөрчлөхөөр холбогдох саналын томьёоллуудыг ажлын хэсгээс боловсруулсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

Ажлын хэсгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 15 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна. Түүнчлэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.

Хууль сахиулах байгууллагын системийн хэмжээнд доргилт болохуйц өөрчлөлтүүд төсөлд туссан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглээд төсөл батлагдсан тохиолдолд хуулийг хэрэгжүүлэх хугацааны талаарх саналыг ажлын хэсгийн гишүүдээс тодруулан асуув. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь батлагдсан даруйдаа хэрэгждэг, буцааж хэрэглэдэггүй онцлогтойг ажлын хэсгээс тайлбарлаад “Хуулийн төсөл батлагдаж, хүчин төгөлдөр болохоос өмнө бэлтгэл хангах шаардлагатай. Нэгдүгээрт, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үүднээс хууль хэрэгжүүлэгчдэд сургалт зохион байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, баривчлах, цагдан хорих арга хэмжээг шүүх өдөр бүр, зайлшгүй амрах шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаатай холбоотой зохицуулалтыг одоо хэрэгжиж буй стандартад өөрчлөлт оруулах байдлаар хийхэд хугацаа шаардлагатай. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Өмгөөлөгчдийн холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан. Үүнд мөн хугацаа шаардлагатай. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг тусгайлан заах шаардлага бий хэмээн үзэж байна” хэмээн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн хариуллаа.

Төсөлд тусгагдаж буй өөрчлөлтүүд хүний эрхэд хязгаарлалт тогтоохтой холбоотой, НҮБ-ын анхааралд орсон асуудал гэдгийг ажлын хэсгийн гишүүн, доктор Б.Батзориг хэлээд “Хэрэг шалгадаг арга, сэтгэлгээ бүхэлдээ өөрчлөгдөх шаардлага үүсч байгаа. Хуулийн төсөл батлагдаж, хуулийг хэрэгжүүлэхийн тулд шүүх, прокурор, мөрдөх байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлага үүснэ. Тэр дундаа баривчлах ажиллагааны явцад хүний эрхэд халддаг хууль сахиулах байгууллага, мөрдөх байгууллага руу шилждэг шилжилтийн үеийн процессыг сайтар уялдуулахгүй бол хуулийн хэрэгжилт хуучин шигээ болох эрсдэлтэй. АТГ, тагнуулын байгууллагын тухайд харьцангуй хурдан зохицоод, хэрэгжүүлэх байх. Гол ачаалал цагдаагийн байгууллагад очих юм. Хүнийг баривчлах, саатуулах ажиллагааны явцад сумын хэсгийн цагдаагийн байранд хуульд заасны дагуух стандарт бүхий байр барихаас эхлээд аймагт хүргэх, прокурорт танилцуулах, шүүх хуралдаан эхлүүлэх гэх зэрэг дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой болно. Хэрэг хянан шийдвэрлэх явцад ямар нэг алдаа гарах тохиолдолд мөрдөгч, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах нөхцөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн өмнө шаардлагатай нөхцөл бүрдүүлэхэд бүх талаас онцгой анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа юм” гэдэг хариултыг өгсөн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах