Цэс Close

Шүүхээс С.Батдөлд 10 жил хорих ял оногдуулах шийдвэрийг хэвээр үлдээлээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Д.Адъяацэрэн,Ж.Багамонгол Р.Дашбилэг,Б.Энхмандах, Р.Эрдэнэхүүнарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Батдөлийг  нийтийн албан тушаал /Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга/ хашиж буй хугацаандаа 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан, хахууль авсан мөнгөөрөө 3 объект худалдан авч мөнгө угаасан, мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хийгдсэн нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  гэмт хэрэгт буруутгаж,нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт 12 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн магадлалаар шүүгдэгч С.Батдөлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  хахууль авсан хэрэгт 8 жил хорих ял оногдуулсныг 7 жил, мөнгө угаах гэмт хэрэгт 2 жил  хорих ял оногдуулсныг 1  жил болгон өөрчилж, харин  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

  Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Батдөл нарын 7 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй хэмээн дүгнэж, С.Батдөлд нийт 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах