Цэс Close

Хятадын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ

Хятадын дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал өчигдөр Бээжинд нээлтээ хийлээ. Хурлын үеэр БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян их хуралд хандан засгийн газрын ажлыг тайлагнасан бөгөөд тэрбээр 2024 онд  БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан талаар мэдээлсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн хэдийгээр өнгөрөгч онд олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байсан ч БНХАУ 2023 оны эдийн засгийн төлөвлөлтөө биелүүлж чадсан. Мөн 2024 онд Хятадын төрийн бодлогын үндсэн чиг хандлага эдийн засгаа сэргээх, урт хугацааны өсөлтийг хангахад төвлөрөх болно гэжээ. Үүнээс гадна болзошгүй эрсдлүүдийг ч тооцоолж бүх аюул сорилтод бэлэн байхыг чухалчилсан аж.

Хятад улс хот суурин газарт 12 сая гаруй ажлын байр бий болгож, хот суурингийн ажилгүйдлийн түвшнийг энэ онд 5.5 орчим хувьд хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж тайланд тэмдэглэсэн байна. Төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний хянуур бодлогыг үргэлжлүүлж, төсвийн алдагдал ба Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ харьцааг 3 хувь байхаар тогтоожээ. Төсвийн алдагдал 2023 оны төсөөллөөс 180 тэрбум юаниар нэмэгдэх төлөвтэй байна.

Түүнчлэн орон нутгийн засаг захиргаануудад зориулж 3.9 их наяд юанийн тусгай зориулалтын бондыг энэ онд гаргах бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 100 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн үндэсний хэмжээний томоохон стратегиудыг хэрэгжүүлэх, гол салбаруудын аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ирэх хэдэн жилийн хугацаанд жил бүр урт хугацаатай тусгай бонд гаргах бөгөөд энэ онд 1 их наяд юанийн ийм бонд гаргана гэж тайланд дурджээ.

Сонирхуулахад, БНХАУ  өнгөрөгч 2023 онд эдийн засгийн өсөлтөө мөн л 5 орчим хувьд хүргэх төлөвлөгөөтэй байсан ч бодит байдал дээр 5.2 хувьд хүргэж чадсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах