Цэс Close

Энэ хаврын улс төрийг Ерөнхий сайд эхлүүлчихэв үү дээ

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй  сэтгүүлч Б.Ганчимэг ярилцсан нь дэлгэцээр  цацагдлаа. Ярилцлагын дундуур Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд гарч байна. Ер нь бол бүтнээрээ “Улаанбаатараас ярьж байна” нэртэй баримтат нэвтрүүлэг.

Уг нэвтрүүлэг цацагдахаас өмнө шторк нь явж эхлэхэд л нийтээрээ шуугиад эхэлсэн. Ярилцлагын мастерын асуултад олон жил дуугараагүй явсан Ерөнхий сайд юу хариулсан нь анхаарал өөрийн эрхгүй татсан хэрэг л дээ.

Нийгмийн сүлжээнээс ажвал магтаал, шүүмжлэлийн аль,  аль нь эн тэнцүү харагдана. Сэтгүүлчийн хэвлэмэл хэвлэлийн ярилцлагыг шимтэн уншигчид нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байв. Учир нь  эрх барьж буй намын даргатай ярилцаж байгаа болохоор зорилтот байж магадгүй гэж үзээд байгаа бололтой юм. Угтаа улсынхаа Ерөнхий сайдтай ярилцах нь гэмт хэрэг биш бөгөөд  нэрт  сэтгүүлч маань ярилцах саналаа нэлээд эрт тавьснаа олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ.

Сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд сөрөг хүчин болон бусад намуудын зүгээс ирж буй шүүмжлэл байх нь ойлгомжтой.  Дээр нь иргэдийн зүгээс эрх баригчдыг шүүмжлэх тал байх магадлал бий. Бас Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж,  сайшааж байгаа нь ч байна. Магтах, шүүмжлэх нь яахав. Тэднийг юу ярилцсан бол  гэж олноороо сонирхон хүлээсэн нь бол үнэн. Шүүмжийн тухайд төр гэдэг төлөөллийн ардчиллаар сонгогдсон нөхдийг ташуурдаж байдаг нь жам юм. Хэмжээнээс хэтэрчихгүй бол зөв шүүмж байгаа онодог.

    Ямар ч байсан албан ёсоор хэвлэлд томоохон ярилцлага өгөөгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав, юу бодож санаж явна, хийсэн ажил нь үр дүнд хүрч байна уу, юун дээр алдаж, юун дээр онов гэдгийг сонсох нь чухал байв.

Үндсэн хууль, Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөс болж томсгосон тойргоор сонгууль явагдах болсон нь одоогоор намууд болон нэр дэвшигчдэд нэлээд том шалгуур болж байна. Энэ талаар ч Ерөнхий сайд ярьсан. Ковидын хүнд нөхцөлийг хэрхэн даван туулсан хийгээд авлигатай тэмцэх амаргүй ажил хэрхэн явагдаж байгаа талаар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл,  өнгөрсөн хугацаанд өрнөсөн  улс төрийн эгзэгтэй нөхцөл байдлуудын ард өрнөж байсан сонирхолтой фактуудыг ч орхисонгүй.  Өмч хувьчлал, лиценз олголт, Эрдэнэтийн 49 хувь гээд анхаарал татсан хэргүүдийн ард хэн байсан, ямар хуйвалдаан өрнөснийг хэллээ. Мэдээж ярианд нэр дурдсан эрхмүүдэд энэ нь таалагдаагүй биз. Дургүйцлээ илэрхийлэн сошиалд үг шидэж эхэлсэн. Мөн шүүх, шүүхийн бие даасан хараат бус байдал ямар байгаа талаар байр сууриа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй хамаатай гээд зогсохгүй Цагаан суваргын ордыг, Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн үйл явцын ард энэ хүн байсан гэж хэллээ.  Ерөнхийд нь базаж системийн авлигын автор,  МАНАН  бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж гээд хэлчихэв.  Энэ үгийн хариуг нэвтрүүлэг цацагдахаас өмнө шторк үзээд л Ерөнхийлөгч асан нийтийн сүлжээнд эгдүүцлээ илэрхийлэв. Нэвтрүүлэг цацагдаад хэд хонолоо.   Гэвч нэвтрүүлгийн  талаархи яриа халуун хэвээрээ үргэлжилсээр байна. Их тулааны өмнө нам гүм шиг сонгуулийн өмнөх ажин түжин байдлыг  эвдэж, Ерөнхий сайд энэ хаврын улс төрийг эхлүүлчихэв үү дээ гэж харж байна.

Цар тахлын үеийн  талаархи хэсэг дээр гэнэт ирсэн хүндхэн үеийг яаж даван туулсан талаар ярилаа.  Энэ Засгийн газрын хамгийн хүнд сорилтын нэг цар тахал. Алдаа,  эндэгдэл байсан ч сайшаах зүйл байсныг үгүйсгэхгүй. Цар тахлын бэрхшээл  дан ганц манай Засгийн газарт тулгарсан юм биш л дээ. Дэлхийгээрээ л түгшиж, уймарсан он цаг байсан. Зарим улс оронтой харьцуулахад авч байсан арга хэмжээ, вакцин татан авалт маш хурдтай байсныг нэвтрүүлэг үзээд л санав. Хэдхэн жилийн өмнө хийсч ирсэн  тэр бэрхшээл бүгдэд айдас авчирсан өдрүүд байсныг бид аль хэдийн мартжээ. Энэ нөхцөл байдал дэлхийн улс орнуудын хувьд ч сорилт байсан. Эдийн засгийн хувьд ч нийтээрээ хүндхэн байдалд орсон. Эдийн засгийн хүндрэлийг давах дараагийн нэг сорилттой тулгарав. Өнөөдрийн байдлаар эдийн засаг хэрхэн сэргэж байгаа талаар  36 их наядаас 74 их наяд руу орж байгаа  нь далд эдийн засаг ил болж байгаатай холбоотой гэв.  Цаашлаад цахим засаглал, Замын-Үүд боомтыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрхэн өөрчилж,  бүтээн байгуулалтын ажлууд хийснийг, авлигатай хэрхэн тэмцэж байгаа, тулгарч байгаа бэрхшээл гээд олон сэдвийг хөндлөө.

Тэр ч байтугай  газрын наймааг эхлүүлсэн    М.Энхболд   хотын газрыг зарж,  зуучлагч нь Бадамжунай байсан гэлээ.   Өнгөрсөн он жилүүдэд эрх барьж байсан өөрийн намын удирдлагууд болон сөрөг хүчний намын удирдлага, Ерөнхийлөгч асны нэр дурдагдахаар цочирдмоор байсан нь мэдээж. Нэг хэсэг нь дургүйцэж, өөр нэг  хэсэг нь дэмжиж байх юм. “Яаж ч муулсан Л.Оюун-Эрдэнэ шиг авлигын системийг задлах үр дүнтэй бодлогыг хэн ч явуулж байгаагүй” гэв. Энэ нь таван Ш ажиллагаа болон нээлттэй сонсголуудаар ил болж байгаа авлигын сүлжээ, авлигын идээ бээрийг шахаж буйг зөв зүйтэй гэж хэлсэн бололтой. Ерөнхий сайдын ярианд нийтэд яригддаг, анхаарал хандуулж ирсэн олон сэдэв багтжээ.

Боловсролын зээлийн сангийн дуулиант хэргээс болж зээл олгохоо больчихсон юм биш гэдгийг мэдэж авав.  Харин мэдээлэлд ойр, гарын үсгээ давуу байдал болгож завшигчдад  төрөөс зарласан тендер, сангуудад гар дүрэх, өөрт ашигтай байдлаар эрх олж авахыг   эрх зүйн хувьд хааж өгсөн гэсэн нь таатай мэдээлэл байлаа. Өнгөрсөн 30 жилд бий болсон  завхрал, үүссэн авлигын системийг  гурав,  дөрвөн жилийн дотор нураахад амаргүй гэв. Үүнтэй бол санал нийлж байна. Ажиллаж буй цаг үедээ Монголын нийгмийн хамгийн хүнд асуудал болсон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүн нь Л.Оюун-Эрдэнэ мөнүү  гэвэл мөн.  Харин түүнд иргэд, олон нийт илүү их шаардлага тавьж, үр дүн нэхэх байх. Эрх барьж буй намын дарга, энэ улсын Ерөнхий сайдад ийм шаардлага тавих нь ч зүйн хэрэг. Дуулиант сонсголуудын үр дүн бол сайн байсан. Далд байсан олон зүйл дам яриа төдий биш, бодит байдал байсныг бид мэдэж авсан.  Нүүрсний экспорт, хяналт шалгалт сайжирсан зэрэг ч  сонсголын үр дүн шүү. За ингээд нэвтрүүлгийг базахад ийм байна. Энэ хаврын улс төр эндээс эхлээд бужигнах биз ээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах