Цэс Close

Ардчилалтай хамт ирсэн хэвлэлийн эрх чөлөө минь

Жил бүр тавдугаар сарын 3-ныг  Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тэмдэглэдэг.  Ямар нэг баяр тэмдэглэх тухай ойлголт биш шүү. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуугардаг, үгээ хэлдэг, хуралддаг, хэлэлцдэг.

Монголын хэвлэлийнхэн энэ өдөр төв талбай дээрээ очиж, үзэл бодлоо илэрхийллээ.  Үг хэлэх,  хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчиллын суурь үзүүлэлт.

1990 оны ардчилсан хувьсгалаар хувь хүний эрх чөлөө, хэвлэн нийтлэх  эрх чөлөө, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөө монголчууд бидэнд ардчилалтай хамт ирсэн юм.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд эрх чөлөө, хүний эрх, ардчилсан нээлттэй нийгмийг байгуулах явцад ололт амжилтаас гадна сорилт, бэрхшээлийг туулжээ. Өнөөх эрх чөлөө маань  хашигдаж, хумигдаж, гавлагдаж байгаа тухай энэ өдөр төв талбай дээр цугласан сэтгүүлчид ярьж байна.  Тэнд харин туг далбаагаа намируулчихсан Ардчилсан намынхан хүрэлцэн очжээ. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилал юм. Тиймдээ ч ардчиллаар овоглогддог Ардчилсан намынхан хэвлэлийн эрх чөлөөний төлөө үгээ хэлэх гэж очсон биз ээ. Тавдугаар сарын 2-ны өдөр мөн л Ардчилсан хүчний холбооноос “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Хэвлэл мэдээллийн салбарт тулгараад байгаа бэрхшээл, хэвлэл мэдээлэл дуугарч чадахгүй болчихвол ардчилалд ямар хор уршигтай талаар мэргэжлийнхний үгийг сонсч, мөн ажиглагчид байр сууриа илэрхийлж байна лээ. Нөгөө муу хэдэн ардчиллынхан л санаа тавьж явна лээ.

Саяхан манай улсад болсон олон улсын ардчиллын байгууллагаас “Монгол Улс-Ардчиллын Баянбүрд” хурлын үеэр Монгол Улсыг ардчиллын ерөнхий индексээр 60 дугаар байранд эрэмбэлэгдэж, үүнээсээ жаахан хойшоо ухарвал авторитар дэглэмтэй ангилалд орох эрсдэлтэй байна гэж дүгнэсэн. Энэ нь эрх чөлөө хумигдаж, төрийн эрх мэдэл нэг буюу цөөн бүлэг хүнд төвлөрсөн авторитар  эсвэл тоталитар дэглэм рүү орж болзошгүй тун эрсдэлтэй нөхцөлд байгааг анхааруулсан хэрэг.

Аливаа улс оронд ардчилал хэврэг болох хэрээр эрх, эрх чөлөө хумигдаж, дарангуйлал руу орох зам руу явдаг. Наад зах нь чөлөөтэй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх, үнэт зүйл шууд алдагдах эрсдэлд ордог. Үүний нэгэн баримт нь энэ 2024 оны байдлаар дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний индексэд 180 орныг хамруулахад Монгол Улс анхаарал хандуулах аюултай ангилалд багтсан ба 109-д эрэмбэлэгджээ. Өнгөрсөн нэг жилээс 21 байраар арагшаа ухарсан нь хэвлэлийн эрх чөлөө аюултай нөхцөлд байгааг харуулж байна.  Жил ирэх бүр хуулийн байгууллагын өмнө сэтгүүлчид дуудагдаж, хэвлэлийн эрх чөлөөг хумьсан заалтыг сэмхэн шургуулсан хуулиуд нэмэгдсээр байна. Хэн нэгэн албан тушаалтны ноцтой алдааг шүүмжилсэн, хууль бус үйлдэлтэй нь холбоотой  мэдээлэл гаргаж тавихаас шантармаар нөхцөлд тулж байна. Ажил хийх боломж өдөр ирэх бүр багаслаа. Эрх баригчид хэвлэлийн амыг хаах оролдлого хийх бүртээ хэвлэл мэдээлэл худал мэдээлэл түгээсэн мэтээр шууд пропоганда явуулдаг. Ингэснээр иргэд ч хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нь буурч байна. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааныхаа явцад алдаа гаргах тохиолдол бий. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуульдаа оруулсан нь өнөөдөр хичнээн сэтгүүлч хуулийн байгууллагын өмнө гэмт хэрэгтэн мэтээр хянуулж, цагдуулж, шүүлгүүлж зогсож буйгаас харагдана. Мэргэжлийн алдаа гаргасан хийгээд ёс зүйгүй байсан сэтгүүлчийг дахин мэргэжлийн байгууллага нь өөрөө шийдэх боломж бий. Олон жилийн өмнө нэг ийм үйл явдал болж байлаа. Хэвлэлийнхэн нэг албан тушаалтны авлигын хэргийн талаар олонтаа нийтэллээ. Өнөөх албан тушаалтан ч гүтгүүлсэн гээд гомдол гаргачихлаа. Ингээд нөгөө хэдэн сэтгүүлчийг буруутган ял өгөх юм боллоо. Гэтэл нөгөө албан тушаалтны гэм буруутай нь шүүхээр тогтоогдоод баригдаж хоригдсон үйл явдал өрнөж билээ. Тэгээгүй бол сэтгүүлчид буруутгагдаад өнгөрөх байсан юм.

Хэвлэлийн эрх чөлөөтэй хамт   иргэдийн мэдэх эрх чөлөө  явдаг.  Өнөөдөр хэвлэлийн байгууллагыг хууль шүүхээс дуудаж шалгах, дарамтлах, айдаст автуулах, нэр төрд халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн зүйл заалтаар шалгах болсон.  Цаад агуулга нь иргэд та бүхэн тэдний идсэн уусан, луйвардсаныг мэдчихээд уурсан эсэргүүцэхээс айж байгаа юм. Иргэдийн төлсөн татварын мөнгө хэн нэгэн хурган даргын гэрийн сейф, ханын шүүгээнд орсныг мэдчих вий гэхээс үнхэлцгээ хагартал айдаг учраас, нэг ч удаа бизнес хийгээгүй атлаа хаан шиг тансаг амьдарч байгаа мэдчих вий гэж хэвлэл мэдээллийн амыг үдэхийг  хүсэн  хэвлэлийн эрхийг хаасан хуулийн заалтаараа далайлгадаг юм.  Эхнээс нь гав зүүлгэн хорьж, сүүлдээ мэргэжлийн ажлыг нь хийх эрхийг хорьж байна.

Тэртээ 34 жилийн өмнө ардчилалтай хамт ирсэн эрх чөлөө минь. Өдөр ирэх бүр алсарч, хуучин цагийн авторитар дэглэмтэй үеийн төрөөс хараат ганц нэг хэвлэл, ганц намтай байсан социализм руу  аажим,  аажим ухарч буй үзэгдэл.  

Магадгүй зарим хүн хэвлэлийн эрх чөлөө ямар үнэтэйг мэдэхгүй ч байж болох юм. Бас нэг хэсэг нь бие махбодиороо туулаад гарсан нь ч бий. Хэвлэл мэдээллийн салбарынхан  иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллахдаа юу эсийг туулдаг гээч. Ямар цаг үед сурвалжлага бэлдээд явна. Тэсгим өвлийн зуднаар, ид халуунд, буун дуу гарч байгаа дайны халуун цэгээс ч очиж сурвалжилдаг. Өнөөдөр эрх мэдэлтэй байгаагаа ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хуулиас дээгүүр мэт дураараа авирлах, та бидний татварын мөнгийг хулгайлагчдыг хэн ил болгож байна. Хэвлэлийнхэн л тэр бүхний араас явж, зарим нь элдвээрээ хэлүүлэн доромжлуулж байна. Мэдээж энэ салбарт алдаа, оноо бий,  туулах, давах зам бий. Засах, сайжруулах зүйл олон бий.  Ардчилалтай хамт ирсэн хэвлэлийн эрх чөлөө минь алсрах вий. Яг тэр эрх чөлөөтэй хамт монголчууд ч бас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдэх эрхээ бүгдийг алдана. Нүдгүй, чихгүй, хэлгүй байна гэж бодоод үз дээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах