Цэс Close

СЕХ: Бие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бие даан нэр дэвшүүлэгч нарт бүрдүүлэх баримт бичиг, нэр дэвшигчээр бүртгүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр (2024.05.10) сургалт, мэдээлэл хийв.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаар Сонгуулийн ерөнхий хороо болон цахим систем хөгжүүлэгч компаниас дэлгэрэнгүй зааварчилсан юм. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос авч сонгогчдын гарын үсэг цуглуулах уламжлалт ажиллагааны талаар мэдээллээ.

Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт etax.mta.mn цахим системээр авах болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах талаар Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас зааварчилгаа өгсөн юм.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Үүнтэй холбоотой саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Сонгогч саналын хуудасны нэг хэсэгт тухайн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигч сонгож дугуйлна. Саналын хуудасны нөгөө хэсэгт нэг нам, эвсэл сонгож дугуйлах талаар мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч бүртгүүлэх, бүрдүүлэх баримт бичиг бүртгүүлэх талаар нам, эвслүүдийн төлөөлөлд 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт, мэдээлэл хийсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах