Цэс Close

Н.Булгамаа: Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа сонгогчдын сонгох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Газрын дарга Н.Булгамаатай ярилцлаа.

-Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах, ажил олгогч санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар уул уурхай, зам тээврийн компаниудтай цөөнгүй удаа уулзалт хийсэн. Ямар үр дүн гарч байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийг хэрэгжүүлж, үлгэрлэж, дэмжиж ажиллах уулзалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр удаа зохион байгуулсан.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Авто тээврийн үндэсний төвтэй болон Хүний эрхийн үндэсний комисстой хамтран уул уурхай, эрдэс баялгийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагыг танхимаар, ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагын 300 гаруй хүний төлөөллийг цахимаар хүлээн авч уулзалтыг хийлээ. Уулзалтын хүрээнд  оролцогч аж ахуйн нэгжүүд сонгох эрхээ эдэлж чадахгүй байдаг тухайгаа ярилцаж хэд хэдэн санал, санаачилга гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр болсон.

-Уул уурхай, зам тээврийн компаниудаас ямар санал гаргасан бэ?

-Санал авах өдөр ажиллахгүй байхаас гадна унаа, тээврийн хэрэгслээр хангах талаар саналыг цөөнгүй оролцогч гаргасан. Баян-зам тээвэрчдийн холбооны үйлдвэрчний эвлэлийн хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт болон Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг ирүүлсэн. Албан бичигтээ сонгуулийн санал авах өдөр ачаа тээврийн боомтуудыг амраах, ажиллагсдыг оршин суух үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор хангахад зориулж тухайн байгууллага нь нэгдсэн унаа, тээврийн хэрэгслээр хангах, Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагааг эрхэлж байгаа уурхайнуудын сонгуулийн санал авах өдрийн нүүрс ачилтыг түр зогсоох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг ирүүлсэн байсан.

Сонгуулийн ерөнхий хороо бол Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах эрхтэй байгууллага юм. Иймээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулах, сонгуулийн боловсрол, сонгогчдыг мэдээллээр хангах үүргийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагуудаас хүсэж, ийм үүрэгтэй шүү гэдгийг таниулж байгаа юм. Түүнээс боомтуудыг амраах, ачилтыг зогсоох зэрэг асуудлыг манай байгууллага шийдвэрлэхгүй, холбогдох Төрийн байгууллагуудад хандах боломжтой.

Харин орон нутагт байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсдаа унаа тэргээр хангах, ээлж солих боломжийг санал авах өдөртэй уялдуулах, тухайн өдрийн цалинг олгох зэрэг асуудлыг шийдэх боломж байгааг дээрх уулзалтад зарим байгууллагын удирдлагууд хэлж байсан.

-Санал авах өдөр ажилтнуудаа амраахгүй, саналаа өгөх боломжоор хангахгүй бол хариуцлага яригдах уу?

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах хэрэгтэй байгааг дахин сануулмаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах