Цэс Close

АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ хүлээн авах боломжгүй

Хуульд заасны дагуу нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилсэн. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие дээн нэр дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Ардчилсан намын хувьд, Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг баталж, Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр /2024.05.25/ хүргүүлсэн. Гэвч тус намын Үндэсний бодлогын хорооны тогтоолыг таван хүн баталгаажуулах ёстой хэдий ч зөвхөн намын дарга Лу.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарын гарын үсгээр нэр дэвшигчдийг баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны тогтоолыг таван хүн бус зөвхөн хоёр хүн гарын үсэг зурсан учраас Ардчилсан намын нэр дэвшичдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авах боломжгүй болох нөхцөл үүсэх нь гэсэн мэдээлэл байна. Хэрэв Үндэсний бодлогын хорооны тогтоолд бүрэн гарын үсэггүй, Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахгүй эрсдэл үүсвэл Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болно гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарч эхэлжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулж дуусгасан байх ёстой. Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш тав хоногийн дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх зохицуулалттай. Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гаргаж, нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт материалыг тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд тодорхой хуваарьт цагуудад хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах