Цэс Close

МҮХАҮТ-ын “Бизнесийн сэргэлт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Манай улсын эдийн засгийг бүрдүүлдэг, ажлын байраар хангадаг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа. Бизнес эрхлэх орчин улам хумигдах болсон. Баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ цаашид дэмжиж анхаарахгүй бол манай улсын эдийн засаг буурч ядуурал руу орно.  Татвар, нийгмийн даатгалын дарамтаас жижиг, дунд бизнес эрхлэгчид өндийхөд амаргүй.

Иймд МҮХАҮТ-аас бичил, жижиг дунд, бизнесийг анхаарч дэмжих хэрэгтэй гэж үзэн “Бизнесийн сэргэлт” хөтөлбөр зарласан. Мөн бизнес эрхлэхийг хүсч байвч, хаанаас, юунаас эхлэх талаараа ойлголтгүй залуус олон бий. МҮХАҮТ-аас Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан 2024-2027 онд хэрэгжүүлэх “Бизнесийн сэргэлт хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Мөн ирээдүйд Монголыг авч явах 10 мянган залууг бизнесийн гараагаа эхлүүлэх, бизнес эрхлэх ойлголттой болоход сургах,  цаашлаад амжилттай суралцагсадыг  олон улсын бизнес хөтөлбөрт хамруулах, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа явуулах гэх мэт дөрвөн үе шаттай хөтөлбөрийг хийхээр төлөвлөжээ.

10 мянган залууг сургах хөтөлбөрийг аль болох хүртээмжтэй байлгахын тулд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас сурч боловсрох, хувийн жижиг, дунд бизнес эрхлэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй яваа залуусыг бүртгэн авч байгаа. Ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Personal MBA (P-MBA) бизнесийн хөтөлбөрт хамруулж эхэлсэн. Энэхүү бизнесийн MBA хөтөлбөр нь зах зээлийн ханшаар 60-240 мянган ам.доллар төлөх шаардлагатай болдог учраас залуус тэр болгон суралцах боломжгүйд хүрдэг. Харин МҮХАҮТ-аас олон улсын Personal MBA (P-MBA) бизнесийн сургалтын төлбөрийг уян хатан бодлогоор зохицуулан, суралцагч ердөө 99.000 төгрөг төлөөд суралцах боломжоор хангаж байгаа билээ. Одоо эхний хоёр төгсөлтөөр 600 залуус суралцан төгсөөд байна.  Ахисан түвшний богино хугацааны сургалтын модулиар 24 жил тасралтгүй хөгжүүлж ирсэн старт апп хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн суурь мэдлэгтэй болж, бизнесийн төсөл бичих, шинэ бизнес эхлүүлэх, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, бусдыгаа манлайлах, санхүүгийн модуль гаргах зэрэг маш олон хэрэгтэй ур чадварыг зээмшин төгсч байна.

Бизнесийн боловсрол мэдлэг эзэмших нь бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Бизнес эрхлэх орчныг сайжруулах бодлогыг төрөөс хүртээмжтэйгээр хэрэгжүүлж чадахгүй байгаа яг өнөө үед танхим санаачилга гарган бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон хэрэг. Энэ тухай МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал, энэхүү хөтөлбөрийг санаачлагч Т.Дүүрэн нэгэн ярилцлагадаа: “Залууст бизнес эрхлэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод 15-29 насны 140 мянган залуусын дунд явуулсан судалгаагаар “Бизнес эрхлэх сонирхолгүй” гэсэн дүн гарсан байна. Эхний ээлжинд 10 мянган залууг сургалтад хамруулах гэж байгаа нь чамлалттай тоо хэдий ч жил бүр сургалтад хамруулах залуусаа нэмэгдүүлж, бизнес эрхлэхэд нь  урам өгөх хэрэгтэй байна. МҮХАҮТ өөрийн нөөц бололцоондоо тулгуурлаж, сургалтаа эхэлсэн. Цаашид төр, засаг бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Танхим нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн төрийн бус байгууллага хэрнээ улс орны хэмжээнд эдийн засгийн тэлэлтэд нөлөөлөх “Бизнесийн сэргэлт хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа нь нийгэмд сайн үлгэрлэл дуурайлал болж байна. Ийнхүү танхимаас Монголын олон олон залууст боломж олгох, бизнесийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах