Цэс Close

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн сүлжээний уулзалтаар Дубайд юу ярив?

Уулзалтын ерөнхий танилцуулга

2024 оны дөрөвдүгээр сарын 24, 25 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төв (ШУТ)-ийн сүлжээ” буюу “Public Health Emergency Operation Center Network” сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад ДЭМБ-ын Женев дэх төв оффис, мөн Европ, Африк, Номхон далайн баруун болон зүүн эргийн бүс бусад гишүүн орнуудын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийн мэргэжилтнүүд, холбогдох удирдлагууд оролцлоо.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн сүлжээ (Public Health Emergency Operation Center Network)-ний алсын хараа нь төвүүдийг чадавхжуулах, харилцаа холбоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шийдвэр гаргалт ба хариу арга хэмжээг уялдуулан зохион байгуулах, шуурхай авч хэрэгжүүлэх чадавхтай болгоход оршино.

Тус сүлжээний зорилго нь улс орнууд өөрсдийн үйл ажиллагааны шилдэг стандарт, туршлагуудыг бусад улс орнуудтай хуваалцах, чадавхиа сайжруулахад харилцан бие биедээ туслах, энэ чиглэлээр түншүүд, донор байгууллагуудыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах механизмыг бий болгоход оршино.

Сүлжээний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь төвүүдтэй холбоотой бодлого, төлөвлөлтийг сайжруулах, мэдээллийн технологийг боловсронгуй болгох, мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, бэлтгэх, үйл ажиллагааны хяналт үнэлгээг тогтмол хийхэд оршино.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ нь тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажилладаг ба болзошгүй цартахал, хөрс, усны бохирдол гэх мэт хүн амын эрүүл мэндэд эрсдэл учрах нөхцөл бүрдсэн, эсвэл эрсдэл үүссэн үед хариу арга хэмжээг удирдан, зохион байгуулдаг “Уураг тархи” хэмээн үздэг. ШУТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аливаа гамшиг, ноцтой байдлыг тасралтгүй хянах, цаг алдалгүй илрүүлэх, богино хугацаанд холбогдох газарт мэдээлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийгэм, хүн амд учруулах сөрөг үр дагаварыг бууруулах, хохирол багатай даван туулахад чиглэсэн байна. ШУТ-ийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад эрх зүйн орчин, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, барилга байгууламж чухал үүрэгтэй байдаг.

Төв нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, үйл явдлыг өөрийн улс орноос гадна хөрш зэргэлдээх улс, бүс нутаг, дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх ямар эрсдэл байгааг тасралтгүй тандан судалж байдаг. Мөн олон улсын түвшинд өөрийн улс орны хэмжээнд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг бусад улс орнуудтай хуваалцах, мэдээлэл хүлээн авах, шалгах, баталгаажуулах, улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл үүсгэх боломжтой үйл явдлыг дээд шатны удирдлагадаа шуурхай танилцуулан, мэдээлэх үүрэгтэй байдаг. ШУТ нь үйл ажиллагааны цар хүрээгээр үндэсний, дүүрэг, орон нутгийн гэсэн түвшинд хуваагдах ба тасралтгүй сургалт, дасгал сургуулилтийг хийх замаар хамтын ажиллагааг сайжруулж, бэлэн байдлыг хангаж байдаг.

Уулзалтын нээлт

Нээлтийг хийж Женев хотоос ДЭМБ-ын Ерөнхий захирлын орлогч бөгөөд гүйцэтгэх захирал Майк Райн цахимаар оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ энэ оны 6 сард болох ДЭМБ-ын чуулганаар “Цартахлын конвенц”-ыг хэлэлцүүлж, батлуулах гэж байгааг танилцууллаа. Өмнөх оноос эхлэн тус конвенцэд гишүүн орнуудын саналыг авч, тусгаж байгаа ба конвенцын нэг чухал хэсэг нь үндэсний болон орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийн байгуулах, хөгжүүлэх асуудал гэдгийг онцоллоо. Улс орнууд ШУТ байгуулж, харилцан биенээсээ суралцах, мэдээллээ солилцон ажиллах чухал шаардлага байгааг өнгөрсөн КОВИД-19 цартахал харуулсан ба дараагийн цартахалд бэлдэх гол дэд бүтэц гэдгийг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын нээлтэд мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдлын асуудал хариуцсан, дэд захирал Чикве Ихеквазу биечлэн оролцож, гишүүн улс орнууд нийгмийн эрүүл мэндийн  ноцтой байдлын үеийн ШУТ-ийн дэд  бүтцийг зайлшгүй бий болгох шаардлага байгаагаас гадна тэнд ажиллах хүний нөөцийг бэлдэх, мэдээллийн технологийг ашиглан бусад төвүүдтэй мэдээллийг шуурхай солилцох тогтолцоог бий блолгох, хамтарсан цахим тандалтыг хийх, орон нутаг, үндэсний болон бүсийн хэмжээнд хамтран ажиллах ёстойг онцолж, тус уулзалт нь энэхүү хамтын ажиллагаа, төвүүдийн сүлжээг шинэ шатанд гаргах ёстойг дурьдаж байв. Мөн ШУТ-үүд нь мэдээллийг хэдийн чинээ эрт авна хариу арга хэмжээг төдий чийнээ шуурхай зохион байгуулах боломжтой болохыг дурьдаж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ нь тогтвортой бөгөөд уялдаа холбоотой байх ёстойг онцоллоо.

Уулзалтаар хэлэлцүүлсэн илтгэлүүдээс

Уулзалтад уригдсан Өмнөд Суданы төлөөлөгчдийн илтгэл уулзалтын олон оролцогсдын сонирхолыг татаж байлаа. Өмнөд Судан нь ДЭМБ-ын дэмжлэгээр үндэсний нийгмийн эрүүл мэндийн ШУТ-ийг байгуулан, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор 6 яамны сайд оролцсон санамж бичгийг гаргаж, НЭГ ЭРҮҮЛ МЭНД гэсэн чиглэл доор хүн, амьтан, орчны эрүүл мэнд гэсэн нэгдсэн арга барилаар ажиллаж байгаагаа сайн жишээгээр дурьдлаа. Өмнөд Судан нь дэлхийн хамгийн залуу тусгаар тогтносон улс хэдий ч ШУТ-ийн үндэсний тогтолцоог бий болгож чадсан тул тэднийг илтгэл тавихаар онцгойлон урьжээ.

Үүний дараа Бүсийн төлөөллүүд илтгэл тавьсан ба бүсийн орнуудтайгаа багаар ажиллаж, хийж буй ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Номхон далайн баруун бүсийн илтгэлд ДЭМБ-ын “Сургалтын төв” БНСУ-д байгуулагдахаар болсныг танилцууллаа. Энэ төвд бүсийн нийгмийн эрүүл мэндийн  ноцтой байдлын үеийн ШУТ-ийн удирдлага, мэргэжилтэн, хүний нөөцийг сургахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

Африкийн орнуудын багаар ажилласан илтгэл хамгийн их анхаарал татаж байв. Учир нь анхны нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийг Африкийн орнуудад байгуулж байсан ба халдварт өвчний олон дэгдэлт, цартахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллаж, ихээхэн туршлага хуримтлуулсан тул олон оролцогч тэдний туршлагаас суралцахыг хүсэж байв.

Африкийн орнуудын зүгээс шийдвэр гаргагч нарт зориулан ШУТ-ийн үйл ажиллагааны чиглэлээр сургалт хийх, донор байгууллагуудруу чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ШУТ-ийн үйл ажиллагаанд тогтмол үнэлгээ хийх, улс орнуудын туршлагыг баримтжуулах, өөрсдийн туршлагаа хуваалцах, олон улсын түвшинд дасгал сургуулилтыг тогтмол зохион байгуулах, энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг улс орнууд байгуулах, мэдээллээ бодит хугацаанд хуваалцах, тусгайлсан судалгаа хийх, олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлэх зэрэг саналуудыг гаргаж байв.

Донор байгууллагуудын зүгээс тавьсан илтгэл ба саналууд ихээхэн сонирхолтой байв. Тухайлбал Билл Гатес сангийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийн чиглэлээр Африкийн олон оронд үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд жилдээ 1 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн чиглэлд зарцуулдаг байна. Мөн Африкийн Сенегал болон хэд хэдэн улсуудад хөрш орнуудаа бүсчлэн сургах нөхцөлтэйгээр ШУТ-ийг байгуулж өгсөн тугайхаа онцоллоо.

Азийн Хөгжлийн банкны хувьд ашгийн бус чиглэлээр ажилладаг ба олгосон зээлийн хүүнээс олсон ашгаараа буцалтгүй нөхцөлтэйгээр төслүүдийг санхүүжүүлдэг гэдгээ онцолж, байгуулагдсан цагаасаа буюу 1966 оноос хойш 68 гишүүнтэй болсон байна. Цаашид Нэг эрүүл мэнд, ШУТ-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, дэмжих сонирхолтой байгаагаа илтгэлдээ дурьдаж байв.

Европын Холбооны Өвчний Хяналт Сэргийлэлтийн төв нь Европын холбооны улсуудын ШУТ-ийн сүлжээг байгуулан бусад тив, бүс нутагтай мэдээлэл солилцох чиглэлд ажиллаж байгааг онцлов.

Африкийн Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь 2016 онд байгуулагдаж, Африкийн Холбооны дэмжлэгээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд тус төв нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Этиоф улсад томоохон цогцолборыг ашиглалтад оруулсан билээ. Африкийн орнуудад зориулан гаргасан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийн гарын авлагыг зөвхөн Африкийн улс орнууд бус, бусад 30 гаруй улс орнууд авч хэрэглэж байгааг онцоллоо.

Энэхүү гарын авлагад Үндэсний нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийг тухайн улсын Эрүүл мэндийн сайд нь Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр идэвхжлийн горимд шилжүүлж, хариу арга хэмжээг тэргүүлэн зохион байгуулах ШУТ-ийн менежерийг тухайн үйл явдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнээр томилж, ажиллуулахаар журамлан оруулсан байдаг байна. Жишээлбэл томуугийн дэгдэлт гарсан тохиолдолд энэ чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнийг Шуурхай удирдлагын төвийн дарга буюу менежерээр томилж, хариу арга хэмжээг удирдан зохион байгуулж, асуудал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зарчмаар ажиллуулдаг байна.

Дээрх үйл ажиллагааны журмаас гадна ноцтой байдлын дараа авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний давуу болон сул талыг үнэлж, эрх зүйн орчинг хэрхэн боловсронгуй болгох тухай дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан шийдвэр гаргагч нарт хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгасан байдаг. ДЭМБ-ын зүгээс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ыг байгуулах гарын авлагыг 2024 онд хэвлүүлэхээр бэлдээд байгаа ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийн үйл ажиллагааны хүрээ буюу PHEOV Framework-г 2025 онд хэвлүүлэн гаргахаар бэлдэж байгаагаа танилцууллаа.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-дэд шинэ технологи нэвтрүүлж байгаа талаар

ДЭМБ-ын зүгээс улс орнуудын ШУТ-д ашиглах боломжтой цахим програмыг боловсруулан, хөгжүүлсэн байна. Тус программыг Африкийн орнуудад туршин бэлэн болгоод байгаа ба бусад улс орнуудад ашиглаж эхлэх талаар санал болгож байгаагаа танилцууллаа.

Энэхүү програм нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээллийг улс орны хэмжээнд болон бүс, дэлхийн бусад орнуудтай шуурхай солилцох, мэдээлэл дээр суурилан үйл явдлын график, газрын зураг, инфографик, бодит хугацааны гео орон зайн зураглалыг гаргах, мэдээллийг шийдвэр гаргагч нарт шуурхай илгээх, илгээсэн мэдээлэлтэй танилцсан эсэхийг хянах зэрэг функцуудыг агуулсан ажээ.

Тус програмыг үнэ төлбөргүй, өөрийн хэл дээр хөрвүүлэн ашиглах боломжтой юм байна.

ДЭМБ-ын зүгээс мөн хээрийн нөхцөлд ажиллах ШУТ-ийн тоног төхөөрөмжийн багцуудыг танилцууллаа. Үндэсний ШУТ-ийн тоног, төхөөрөмжинд газар хөдлөлт, үер, усанд тэсвэртэй, цахилгаан эрчим хүчний ба интернэтийн давхар эх үүсвэртэй байх шаардлага тавигддаг байна. БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн ШУТ-ийг агаарын бөмбөгдөлтөөс сэргийлсэн бункертэй хийсэн байдаг байна.

Япон улс цартахлын дараагаар Халдварт өвчин судлалын инстиутээ Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болгохоор ажиллаж байгаагаа танилцуулсан ба энэ чиглэлд судалгаа хийдэг Хирошимагийн их сургуулийн академик судлаачдыг уулзалтанд оролцуулсан байна. БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс төвийн Шуурхай удирдлагын баг болон энэ чиглэлд судалгаа хийдэг Бээжингийн Их сургуулийн академик судлаачдыг мөн уулзалтанд оролцуулж байв.

БНХАУ Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн зүгээс манай улсын ХӨСҮТ-тэй хамтран ажиллах гэрээг 2021 онд байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн зүгээс тус улсын ШУТ-ийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Австрали улс мөн цартахлын дараагаар Өвчний хяналт сэргийлэлтийн төвийг шинээр байгуулж байгаагаа хурлын үед танилцууллаа.

Их Британи улс цартахлын үед Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийг байгуулсан ба цартахлыг үүсгэж болох 10 гаруй үүсгэгчийг тодорхойлон хянаж байна. Мөн цартахал үүссэн тохиолдолд үүсгэгчийн эсрэг вакциныг 100 хоног дотор үйлдвэрлэх дэд бүтцийг бий болгож, Кэмбриж, Оксфорд зэрэг томоохон академик институт, Астра Зенека зэрэг вакцин эм үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж байгаагаа танилцууллаа.

АНУ Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хувьд ШУТ-өө 2001 онд байгуулсан ба энэ салбарт анхдагч, хамгийн туршлагатай байгууллагын нэг юм. Энэ утгаараа тус байгууллага нь ДЭМБ-тай НЭМ-ийн менежментийн чиглэлээр нягт хамтран ажилладаг байна. АНУ-д байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх нөхцөл байдал, үйл явдал богино хугацааны давтамжтайгаар улс болон мужийн хэмжээнд тохиолддог, муж тус бүр нь хараат бус, бие даасан, өөрийн хууль, дүрэмтэй байдаг зэрэг нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежментийг олон чиглэлээр, өндөр түвшинд хөгжихөд томоохон түлхэц үзүүлсэн байна. Тохиолдлын удирдлагын тогтолцоог бүх түвшний байгууллагууд үйл ажиллагааныхаа бүтцэд суулгаж өгсөн нь нийгмийн эрүүл ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хангахад илүү хялбар болгож өгсөн. Энэ нь олон салбарыг хамарсан хариу арга хэмжээг шуурхайн зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу тал нь болдог.

Одоогийн үйл ажиллагааны чиг хандлага нь ихэвчлэн байгууллага хоорондын харилцаа холбоог сайжруулах, мэдээллийг шуурхай солилцох, харилцааны нэгдсэн хэлтэй болох тал дээр онцгойлон анхаарч байна. Мөн нөөцийн бэлэн байдал, шуурхай түгээлтийг хариуцсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд ялангуяа хүний нөөцийн асуудлыг салбар, чиглэл тус бүрээр анхаарч, бэлтгэж байна.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь зөвхөн улсын хэмжээнд бус 70 гаруй улс оронд өөрийн салбарыг байгуулж, тус улс орнуудад тохиолдлын удирдлагын тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежментийн сайн туршлагыг түгээн нутагшуулж, дэлхийн хүн амд аюул учруулахуйц халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд хамтран тэргүүн эгнээнд ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын менежментийн 3 сарын курс нь энэ чиглэлийн шилдэг сургалтад тооцогддог ба үндсэн агууллага нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн бүтэц үйл ажиллагааг таниулахад оршдог. Тус курсээр дамжуулан дэлхийн 50 гаруй улс орнуудад 250 гаран төгсөгчийг бэлтгээд байна. 2023 онд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд хүсэлт тавьж 2 мэргэжилтнийг сургасан ба дараагийн ээлжний сургалтанд дахин 2 мэргэжилтнийг сургахаар бэлтгэж байна.

Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрх зүйн орчны судлагааны багийн гишүүд энэхүү уулзалтад оролцож, панел хэлэлцүүлэгээр дараагийн цартахалын бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны 95 хувь нь эрх зүйн орчинг бий болгох, сайжруулах гэдгийг цохон дурьдаж, цартахлыг хор хохирол багатай даван туулахын тулд улс орнууд энэ чиглэлд доривтой алхам хийх ёстойг онцоллоо.

Монгол улсын баг нь тус уулзалтанд Засгийн газрын санаалчлагаар 2024 оны 1 сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан “Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль” болон НЭМ-ийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Уулзалтын оролцогсод энэхүү хуулиар Өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулах, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн ШУТ-ийг үндэсний, орон нутаг, дүүргийн түвшинд байгуулж, хөгжүүлэх, мөн хариу арга хэмжээний шилдэг стандарт болох тохиолдлын удирдлагын тогтолцоогоор нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудыг хамтран ажиллах нөхцөлийг бий болгож, хуульчилсан улс төрчдийн манлайллыг ихээхэн сайшааж байлаа. Уулзалтад оролцож буй дийлэнх оронд ШУТ-ийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдээгүй байгаа ба түүнтэй холбоотой санхүүжилт хүний нөөцийг бэлтгэх ажил нь тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.

Монгол улсын хувьд цаашид жил бүр тохиолддог улирлын томуугын дэгдэлт, агаар, хөрс, усны бохирдол, зуд, үер гэх мэт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед үндэсний болон орон нутгийн түвшинд ШУТ идэвхжин ажиллах механизмийг бий болгох, аймаг, дүүрэг бүр өөрийн чадавхид тохирсон тандалтыг зохион байгуулж, хариу арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах