Маргааш онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослын эсрэг бэлэн байдалд ажиллана гэв
Улсын Их Хурал (УИХ)-ын 2024 оны ээлжит сонгууль маргааш болно.
Сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлж байна.
Тухайлбал Улаанбаатар хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байгааг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
Тэрбээр "Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа маргааш улс орон даяар зохион байгуулагдана.
Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна.
Харин зургаадугаар сарын 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн маягтай орох төлөвтэй байгаа.
Мөн Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын аадар борооны эрчимтэй хур тунадастай" хэмээн ойрын өдрүүдийн цаг агаарыг танилцууллаа.
Мөн "Улаанбаатар хотын жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 273 мм хэмжээтэй тохиолоо.
Тухайлбал нийслэлд олон жилийн дунджаар зургаадугаар сард 47 мм хэмжээтэй хур тунадас ордог байна. 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 102 мм хур тунадас оржээ.
Дээрх тооноос харахад хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин илүү ороод байна.
Долдугаар сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орно. Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын өмнө тал болон Өмнөговь аймгийн баруун талын сумдаар олон жилийн дунджийн орчмоор, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй" гэв.
Үргэлжлэн орох борооны улмаас голуудын усны түвшин дараах байдлаар нэмэгдэх төлөвтэйг анхааруулав.
Энэ талаар "Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар голуудын усны түвшин ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
- Туул гол Лүн сум орчим, Халх гол, Алтайн Нурууны Согог зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-30 сантиметрээр нэмэгдсэн.
- Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх гол үерийн түвшнийг 5-40 сантиметр
- Балж, Онон гол үерийн аюултай түвшнийг 5-45 сантиметр давсан байна.
Голуудад "үерийн түвшин", "үерийн аюултай түвшин" гэж хоёр түвшин байгаа. Чухам аль түвшнийг давсан байна вэ гэдэг мэдээллийг анхаарч, ажиглаж, мэдээллээ авч байгаарай.
Мөн Алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшнийг 5-15 сантиметр давж үерлэсэн" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх