Цэс Close

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч бусдад давуу байдал олгосон гэх асуудлыг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 940 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 906 хэрэг шалгагдаж байна.

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтан “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, Хилийн цэргийн ...р ангийн албан тушаалтан “Б” нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, Говь-Алтай аймгийн Чандмань сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвийн хөрөнгийг завшсан гэх, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь бусдад давуу байдал олгосон гэх, Хотын стандарт хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ө”, “Б”, “Н” нар нь бусдаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан “Б” нар нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, мөн бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах